Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ЦАХИМААР ХИЙДЭГ БОЛЛОО

2025 оны байдлаар улсын хэмжээнд 1,336,856 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан автомашинаа нэр дээрээ бүртгүүлээгүйгээс үүдэн торгууль, татварын өр, зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой тодруулга өгөх зэрэг хүндрэл гарах нь түгээмэл. Энэ нь хууль хяналтын байгууллагын ажиллагааг удаашруулж, иргэдэд цаг хугацааны болон санхүүгийн эрсдэл дагуулдаг.

Иргэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахдаа заавал бүртгэлийн байгууллагад хандаж, өмнөх эзэмшигч нь бүртгэлээс хасуулж, шинэ эзэмшигч талд шилжүүлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох үүднээс ЦХИХХ-ны яам, Зам, тээврийн яам, “И-Монгол академи” УТҮГ, Нийслэлийн автотээврийн бүртгэл хяналтын төв, Автотээврийн үндэсний төв хамтран уг үйлчилгээг E-Mongolia системд бүрэн цахимжуулан нэвтрүүллээ.

Өмнө нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд иргэд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Автотээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 21, орон нутгийн 23 нийт 44 салбараар дамжуулан үйлчилгээ үзүүлдэг байв.

Харин уг үйлчилгээг цахимжуулснаар иргэд ямар нэгэн албан хаагчийн оролцоогүйгээр E-Mongolia гар утасны аппликэйшн болон порталаар дамжуулан 5–10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг авах бүрэн боломжтой боллоо. Ингэснээр үйлчилгээг авах шат дамжлага багасаж, хүндрэл бэрхшээл эрс буурч, төрийн үйлчилгээ илүү шуурхай, хүртээмжтэй болсон юм.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia системээр хийх заавар:

  1. E-Mongolia системд нэвтрэн “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг сонгоно.
  2. Шилжүүлэгч эсвэл хүлээн авагч талаас үйлчилгээг авах эсэхээ сонгоно.
  3. Шилжүүлэх тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулна.
  4. Хүлээн авагчийн мэдээллийг оруулж, системийн анхааруулга, санамжтай танилцан хүсэлтээ баталгаажуулна.
  5. Хүлээн авагч иргэн бүх анхааруулга, санамжийг сайтар уншиж үйлчилгээний явцыг үргэлжлүүлнэ.

Улсын дугаарын шинэчлэл нь хүлээн авагчийн харьяаллаас хамааран автоматаар хийгдэх боломжтой бөгөөд энэ үед өмнөх эзэмшигч дугаараа хадгалуулахыг хүсвэл системээр дамжуулан хадгалуулж, тухайлан лавлагаа авах боломжтой. Харин дугаараа хадгалуулаагүй тохиолдолд тухайн улсын дугаар хүчингүй болж, дахин олголтод шилжинэ. Мөн шилжүүлэгч болон хүлээн авагчийн харьяалал ижил бол тээврийн хэрэгслийг улсын дугаартай нь хамт шилжүүлэх боломжтой.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргаан, эрсдэлийг бууруулах чухал алхам юм.

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин www.e-mongolia.mn

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.