“И-Монгол академи” УТҮГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өнөөдөр /2025.06.20/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь тус байгууллагын алба хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -д цахимжсан үйлчилгээг дахин загварчлах, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтэд цахим үйлчилгээг сурталчлан таниулах зорилготой юм.
Санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд нар гарын үсэг зурсан байна.

Гадаад иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй
Монгол Улсад түр хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 48 цагийн дотор бүртгүүлэх хуультай.

Бүртгэл хэрхэн хийх вэ?
- E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
- “Үйлчилгээнүүд” цэсээс “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн” төрлийг сонгоно.
- “Гадаадын иргэний бүртгэл” үйлчилгээг сонгон мэдээллээ оруулж бүртгүүлнэ.
Алтай Таван Богд руу явах хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрлийг та E-Mongolia системээс аваарай
Зуны дэлгэр цаг ирж, байгальд аялагчдын тоо эрс нэмэгддэг энэ үед иргэд байгалийн үзэсгэлэнт газруудад саадгүй аялахын тулд тодорхой бүс нутгуудад нэвтрэх зөвшөөрөл зайлшгүй шаардагддаг.
Өмнө нь иргэд энэ зөвшөөрлийг Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар анги дээр биечлэн очиж авдаг байсан бол одоо E-Mongolia цахим системээр дамжуулан хүсэлтээ илгээж, зөвшөөрлөө авах боломжтой.
E-Mongolia системээр дамжуулан уг зөвшөөрлийг цахимаар авах боломж бүрдсэн цагаас хойш нийт 601 иргэн амжилттай хүсэлтээ илгээн зөвшөөрлөө аваад байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчийн мэдээллээ E-Mongolia-аас авах боломжтой
Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2025.06.18/ улс орон даяар эхэллээ. Энэ жил нийт 43,318 шалгуулагч бүртгүүлж, давхардсан тоогоор 133,390 шалгалт өгөхөөр байна.
Шалгуулагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээг эх хувиар нь авч очих ёстой. Хэрэв гээсэн тохиолдолд гадаад паспорт, жолооны үнэмлэх, E-Mongolia системээс авсан лавлагааг авч очих боломжтой.
Өмнөх оны төгсөгчид болон гэрчилгээгүй шалгуулагчид ч мөн E-Mongolia-аас боловсролын лавлагаа авч, нотариатаар баталгаажуулан шалгалтад оролцох боломжтой юм.

Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ, гол мөрний үерийн усны түвшнийг E-Mongolia системээс
E-Mongolia 4.0 шинэчлэлтийн хүрээнд E-Mongolia аппликэйшнээс цаг агаарын мэдээлэл болон үер, усны түвшний мэдээллийг харах боломжтой болж иргэнээ хамгаалдаг болсон. Урин дулааны эдгээр улиралд аялал зугаалгын сар эхэлж дотооддоо хөдөө орон нутаг руу зорчих, аялах иргэдийн тоо нэмэгддэг.
Та E-Mongolia аппликэйшнийхээ нүүр хэсгээс цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ болон салхины хурд, салхины зүг, агаарыг чийгшил, агаарын даралт, хур тунадасны мэдээллүүдийг авахаас гадна гол мөрний усны түвшин, үерийн түвшин давсан хэмжээг цаг алдалгүй цахимаар харах боломжтой.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсээр байна
“И-Монгол aкадеми” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс нь
- ЗГХА, Соёл урлагийн газар
- Улсын 2 дугаар төв эмнэлэг
- Чойжин ламын сүм музей
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”
- Монголын уран зургийн галерей
- Хүүхдийн төв номын сан
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам газруудтай хамтран нийт 7 удаагийн 14 цагийн 109 төрийн албан хаагчдад Технологид суурилсан харилцаа, E-Mongolia ашиглалт, Хиймэл оюунаар контент бүтээх, Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP-E-Mongolia гэсэн агуулгуудаар танхим болон цахим сургалтыг зохион байгууллаа.

Энэ 7 хоногт E-Mongolia системтэй холбоотой иргэдээс 2098 дуудлага иржээ
Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн 11-11 (2) шугамд энэ 7 хоногт нийт 2,098
дуудлага ирснээс 1,975 дуудлагад амжилттай хариулж 99%-ийн гүйцэтгэлтэй байна. Мөн Facebook, Twitter болон Email хаягаар ирсэн иргэдийн 846 асуудлыг шийдвэрлэж заавар зөвлөгөө өгч ажилласан байна.
