Оюутан цэргийн бүртгэлийн “E-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр /2022.02.22/ Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалах яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “E-Mongolia” платформ дээр 2022 он гарснаас хойш хийгдэж буй томоохон ажлын талаар товч танилцуулгын үеэр дараахь мэдээллийг өгөв.
Өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг даргатай уулзаж, гэрээ байгуулсан. Зөвхөн Улаанбаатар хот цахимжих нь хангалтгүй улс орон даяар цахим болох шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан. Ирэх 03 дугаар сарын 01-ээс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол академи”-ийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллахаар бэлдэж байна. Тус багууд нь тухайн аймгуудын цахим шилжилт болон онцлогуудыг үнэлж, хэрхэн цахимжих зааварчилгаа гаргана. Энэ долоо хоногийн Баасан гарагт 21 аймгийн Засаг дарга болон мэдээллийн технологийн ажилтнуудтай онлайнаар хуралдана гэнэ. Хурлаар Цахим жишиг аймгийн үзэл баримтлалыг танилцуулна. Тус үзэл баримтлалд олон улсын судалгаа, Монголын “E-Mongolia”-г хэрэгжүүлсэн судалгаа, Эстонийн Цахим засаглалын академитай хамтарсан моделиудыг ашиглан 21 аймгийн цахимжуулах загвар гаргажээ. Цахимжилтын явцад ямар өөрчлөлт орж буйг тухай бүрд нь мэдээлэл өгөөд явах аж.
Тэрбээр Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулсан. Шинээр Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг “Хүүхдийн мөнгө авах хүсэлт” зэрэг 18 үйлчилгээ нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ, ирэх 03 дугаар сарын 01-нд “Оюутан цэргийн бүртгэл” -ийг цахимаар буюу “E-Mongolia”-аар дамжуулан авна. Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны 01 дүгээр сард цэргийн бүртгэлийг улс орон даяар амжилттай зохион байгуулсан. Үр дүнд нь нийт 100,000 гаруй иргэн цахимаар цэргийн бүртгэлээ хийлгэжээ.
Оюутан цэргийн бүртгэл “E-Mongolia” системд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээгдэж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.