Зөрчлийн тухай хууль болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад жилд дунджаар 4 сая орчим зөрчлийг шалган шийдвэрлэж байна.
2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн шаардлагад үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцоог сайжруулах зорилго бүхий “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г хөгжүүлж, энэ оноос эхлэн улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм. Ингэснээр 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд гарсан зөрчлийн талаарх мэдээллүүд нэг эх сурвалжид бүрэн төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн.
Тус шинэчлэлийг дэмжих ажлын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Сангийн яам хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.
Өмнө нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцдог эрх бүхий албан тушаалтнууд өөр өөр яам, агентлаг, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн компаниудад харьяалагддаг байсан тул иргэд торгууль, шийтгэлээ биелүүлэхэд харилцан адилгүй шаардлага тулгарч, хүндрэл үүсдэг байв. Харин энэ оноос E-Mongolia системээр дамжуулан торгуулийг нэг стандартын дагуу төлөх боломж бүрдсэнээр иргэдэд илүү хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй нөхцөл бүрдэж байна.
ЗӨРЧЛИЙН ТОРГУУЛИЙН ТӨЛБӨРӨӨ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ТӨЛӨХ ЗААВАР
– E-Mongolia систем рүү бүртгэлээрээ нэвтрэх
– Үйлчилгээ хайх хэсэгт “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх (2026.01.10-с хойш)” гэж хайх
– Үйлчилгээ авах товч дээр дарснаар зөрчлийн торгууль шалгах хэлбэрээ сонгосноор автоматаар шалгагдаж үйлчилгээгээ авах боломжтой.
Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан 2026 оноос шинээр нэвтэрсэнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд, тээврийн хэрэгслийн 2026 оны нэгдүгээр сараас эхлэн бүртгэгдсэн торгуулийн мэдээллийг харах, төлбөр төлөх боломжтой бөгөөд 2026 оноос өмнөх торгуулийг “Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх” үйлчилгээгээр төлөх юм.
