“И-Монгол академи” УТҮГ, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Infinite Possibility GI E&S” компани /2025.11.14/ хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг, Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай болон “Infinite Possibility GI E&S” Vice President Sungchan KIM, Development 1 Dept. / Assistant Manager Sanghyuk MOON, Kyoungtae LEE, Зам тээврийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын, Мэдээллийн технологийн хэлтсийн салбарын мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Д.Бодьсайхан, МТХ-ийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Шаарийбуу холбогдох албан хаагчид оролцов.
2004 онд байгуулагдсан GI E&S нь хиймэл дагуул, агаарын зураглалд суурилсан газрын тандалт (Earth Observation), орчны шинжилгээ, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологийн шийдлүүд хөгжүүлдгээрээ БНСУ-д тэргүүлэгч компаниудын нэгт тооцогддог. Түүнчлэн мэдээллийн технологийн системийн интеграци, дата шинжилгээ, хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдэл боловсруулах чиглэлээр олон улсын туршлагатай.
Дээрх уулзалтаар GI E&S компани нь “Зам тээврийн яам”-ны харьяа “Авто тээврийн үндэсний төв”-д ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн үзлэг болон бүртгэлийн хоёр системийг нэгтгэн, нэгдсэн удирдлагын систем боловсруулах үүрэг даалгавартай байгаагаа дурдахын зэрэгцээ нэгдсэн системийг веб болон портал хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх, интеграцийн ажил, техникийн шийдлийн талаар харилцан мэдээлэл солилцов.
Мөн энэхүү системийн үүрэг, үйл ажиллагаа, төрийн бусад мэдээллийн системтэй хэрхэн уялдуулах боломж, хувилбаруудын талаар GI E&S компанийн асуултад “И-Монгол академи” УТҮГ-ын мэргэжилтнүүд дэлгэрэнгүй тайлбар, зөвлөгөө өгч, талууд цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг ярилцсан ач холбогдол бүхий уулзалт боллоо.
