E-Business платформ нь хуулийн этгээдэд зориулсан төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах цахим систем. Энэ платформ дээр хуулийн этгээд шинээр байгуулах, нэр сонгох, нэрээ баталгаажуулах үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Түүнээс гадна ААН-үүд компанитай холбоотой мэдээлэл, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, лавлагаа зэрэг төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой нэгдсэн систем юм.
Төрийн цахим үйлчилгээг дараагийн шатанд гаргах E-Business 2.0 цуврал хэлэлцүүлгийг энэ удаа төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагынхны дунд зохион байгууллаа.
Энэ үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд E-Business платформыг ашиглан 1000 гаруй бизнес эрхлэгч шинээр аж ахуйн нэгжтэй болж, 40,000 орчим давхардаагүй хэрэглэгч ашиглаж эхэлснийг онцоллоо. E-Business 2.0 шинэчлэлийг эхлүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо өндөр байж, цахим засаглалаар Монгол улс байр ахисаар байгааг ч онцоллоо.
E-Business систем хөгжсөнөөр далд эдийн засаг хумигдаж татварын бааз суурь нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл манай хөдөлмөрийн зах зээлийн 40 гаруй хувийг албан бус хөдөлмөр эрхлэгчид эзэлж байгаа бөгөөд энэ бүлгийнхэн E-Business платформ дээр шинээр ААН байгуулах, албан ёсоор татвар төлөх, үйлчилгээ авах хууль ёсны боломжууд нээгдэх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн орчныг сайжруулах” ажлын нэг хэсэг болох төрийн үйлчилгээний нэгдсэн системийг “E-Business”-т нэгтгэх ажил ийнхүү амжилттай хэрэгжиж байна. Дараагийн хэлэлцүүлгийг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, ОУБ-ын суурин төлөөлөгчид , Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн төлөөллүүд дунд зохион байгуулах юм.




