НҮБ-аас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Олон улсын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэ жил тус өдрийг НҮБ-аас “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.
Монгол Улсын хувьд 2024 оны хагас жилийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 102,4 мянган иргэн байна. Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд 49996 хөгжлийн бэрхшээлтэй иргэний карт үүссэн бөгөөд тэдгээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авч байна.
“И-Монгол академи” УТҮГ-ын зүгээс хүртээмжтэй байдлыг хангаж Олон улсын WCAG зөвлөмжийн дагуу хөгжүүлэлт хийснээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системийг саадгүй ашиглах нөхцөлийн бүрдүүлсэн. Тэр тусмаа 12892 харааны бэрхшээлтэй иргэд дэлгэц унших программын тусламжтайгаар төрийн үйлчилгээг авах боломжтой болсон.
Мөн “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалтын хэлтсээс ХБИ-ийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрээд байна.
Үүнд:
- ХБИ-ийн цахим ур чадварын сургалтад – 662 иргэн
- Мэдээллийн хүртээмжтэй технологийн таниулах сургалтад – 836 иргэн
- Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүртээмжтэй технологи” агуулгын хүрээнд сургалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд нийт 5 удаагын 312 цагийн сургалтаар 24 харааны бэрхшээлтэй иргэнийг чадавхжуулж, гэрчилгээ олгосон байна.