Монгол Улсад хүн ам, орон сууцны завсрын тооллого 2025 онд бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байна. Энэхүү тооллого нь хүн амын нийгэм, эдийн засгийн байдал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, шилжилт хөдөлгөөн, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг гол үзүүлэлтийг бүртгэх, дүн шинжилгээ хийх зорилготой цогц судалгаа юм.
Хүн ам, орон сууцны завсрын тооллого (ХАОСЗТ)-ыг холбогдох хууль, олон улсын зарчим, зөвлөмжид нийцүүлэн төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан зохион байгуулж байна.
Иргэд “Хүн ам, орон сууцны завсрын тооллого – 2025” судалгаанд E-Mongolia портал болон мобайл аппликэйшн-ээр дамжуулан оролцох боломжтой. Хэрэглэгч E-Mongolia-д нэвтэрсний дараа эхний нүүрэнд байрлах баннер дээр дарснаар 2025.mn цахим хуудсанд автоматаар холбогдож, судалгааг бөглөх нөхцөл бүрдэнэ.
Мөн Үндэсний статистикийн хорооноос тооллогын мэдээллийн үнэн зөв, чанарыг сайжруулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллээ тодруулах шаардлагатай иргэдтэй утсаар холбогдон ажиллах юм.
Үндэсний статистикийн хорооноос мэдээллийг нэгдсэн байдлаар нэгтгэн боловсруулснаар Монгол Улсын хүн ам зүйн бүтэц, нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг үнэлэх чухал суурь тоон мэдээллийг бий болгоно.
Монгол Улсын иргэн та Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.