- Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia системээр өнөөдрөөс /2025.08.12/ хүлээн авч эхэллээ.
2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулж байна.
Энэ жил 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 78,189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах юм.
Жич: Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх, хэрэв шилжилт хөдөлгөөн хийсэн бол наймдугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.
2. 2026 оны Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн санал асуулга маргааш дуусна
2026 оны Монгол Улсын төсвийн төсөлд E-Mongolia системээр дамжуулан иргэд, олон нийтээс санал авах үйл явц эхлээд 13 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн /2025.08.13/ 09:30 цагийн байдлаар 167.713 иргэн саналаа өгчээ.
Нийт санал өгсөн иргэдийн дийлэнх нь төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг шаардлага өндөртэй салбаруудын хөгжил, үйл ажиллагаанд онцгойлон анхаарч, төсвийн төсөлд тусгах саналуудыг ирүүлээд байгаа юм.
Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь төрийн нээлттэй, ил тод байдлын чухал алхамт тул иргэд та бүхэн E-Mongolia системээр саналаа илгээж төсвийн шинэчлэлд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Цахимаар шийдэж Цагаа хэмнэе E-Mongolia
3. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хүлээн авч дуусахад 4 хоног үлдлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч байна. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 135,582 хүүхэд байна. Үүнээс одоогийн байдлаар 100,000 хүүхэд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлжээ.
Энэ жил 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана.
Хэрэв орон нутгийн харьяалалтай болон түр оршин сууж буй иргэд нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа тухайн амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягаа элсэлтийн хугацаанаас өмнө нийслэл рүү шилжүүлсэн байх шаардлагатай. Хаягийн шилжилтийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө хийлгэхийг анхаарна уу.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах бүртгэлийн эхний шат 2025 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Хүүхдийнхээ цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг илгээчихсэн бол 08 дугаар сарын 19-нөөс 22-ны хооронд таны бүртгүүлсэн утсанд мессежээр илгээгдэнэ.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хэрхэн илгээх вэ?
Иргэн та E-Mongolia систем рүүгээ нэвтэрсний дараа үйлчилгээ цэсээс “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэж хайна.
Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан үйлчилгээ авах товчин дээр дарснаар дэлгэцэн дээр таны хүүхдийн мэдээлэл гарч ирнэ.
Үүний дараа та цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ мэдээлэл дээр дарж мэдээлэл нь үнэн зөв байгаа эсэхийг шалгаад гарч ирэх асуултад хариулснаар хүсэлт амжилттай илгээгдэх болно. Ингэхдээ гарч ирэх анхааруулга мессеж бүрийг сайтар уншиж танилцана.
Цахимаар шийдэж Цагаа хэмнэе