Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 135,582 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн насны ангилал:
- 2 настай – 30304
- 3 настай – 31843
- 4 настай – 35698
- 5 настай – 37837 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр дөрөв дэх жилдээ хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай явагдана.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хэрхэн илгээх вэ?
- Иргэн та E-Mongolia систем рүүгээ нэвтэрсний дараа үйлчилгээ цэсээс “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэж хайна.
- Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан үйлчилгээ авах товчин дээр дарснаар дэлгэцэн дээр таны хүүхдийн мэдээлэл гарч ирнэ.
- Үүний дараа та цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ мэдээлэл дээр дарж мэдээлэл нь үнэн зөв байгаа эсэхийг шалгаад гарч ирэх асуултад хариулснаар хүсэлт амжилттай илгээгдэх болно. Ингэхдээ гарч ирэх анхааруулга мессеж бүрийг сайтар уншиж танилцана.
Таны хүүхэд өмнө жил хамрагдсан нийслэлийн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах бол дээрх бүртгэлтэй хаягаас шилжилт хөдөлгөөн хийх үү? гэсэн асуултад үгүй гэж хариулан хүсэлтээ илгээгээрэй. Харин тийм гэсэн сонголтыг дарсан бол шилжилт хөдөлгөөнтэй холбоотой дараах асуултад хариулан хүсэлт илгээх товч дээр дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэх болно.
Жич: Орон нутаг руу шилжилт хийсэн бол шилжин очих хаягийн дагуу орон нутгийн боловсрол шинжлэх ухааны газарт хандана уу.
Хэрэв энэ жил та хүүхдээ цэцэрлэгт хамруулахгүй бол гэрээр хүмүүжүүлнэ, гадаадад байгаа, бусад гэсэн шалтгаанаас сонгон хүсэлтээ илгээнэ. Бүртгэлтэй хаягаасаа шилжилт хөдөлгөөн хийж байгаа бол 08 дугаар сарын 15-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн байх шаардлагатай.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
- Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.
Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia