Монгол Улсын цахим орчинд тулгарч буй эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилго бүхий Технологиор гэр бүлээ хамгаалъя E-Kids” шийдэл танилцуулга 2024 оны 06 сарын 06-ний өдөр зохион байгуулагдав.
Тус үйл ажиллагаанд Инновац цахим бодлогын байнгын хороо, ЦХХХЯ Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Cан, “И-Монгол академи” УТҮГ, ЭМЯ, ХНХЯ, ЦЕГ, ЭМДЕГ, УБЕГ, ТЦҮЗГ болон мэдээлэл технологи, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын 150 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
Үйл ажиллагааны үеэр төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 4,0 шинэчлэлийн хүрээнд хэрэглээнд нэвтэрсэн шинэ үйлчилгээнүүдийн танилцуулга мэдээллийг хийв. Үүнд:
E-Kids үйлчилгээ
Хүүхдийн байршлыг яаралтай үед эцэг эх асран хамгаалагчдаа илгээх, Цахим орчинд хүүхдийг аливаа зохисгүй агуулга бүхий контентоос хамгаалах, зөвлөгөө мэдээлэл өгөх, цагдаагийн ерөнхий газарт гомдол илгээх, ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурах бичиг болон хүүхэд өөрийн насны хүүхдүүдийн үндэсний сошиал платформыг ашиглах, эцэг эхтэйгээ чатлах боломжуудыг агуулсан хүүхэд хамгааллын E-Kids танилцуулга мэдээлэл.
Халамжийн үйлчилгээ:
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвтэй хамтран:
- Жирэмсний 5 сартайгаас хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд олгох тэтгэмж,
- 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж,
- Насны хишиг үйлчилгээний хүсэлтийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-с авах боломжтой талаарх танилцуулга мэдээлэл
Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр:
Монгол Улсад 0-5 насны 350,000 орчим хүүхэд байдаг ба иргэдийн нэрлэж заншсанаар “Ягаан дэвтэр”-г цахимжууллаа. Эхийн төрөх үеийн мэдээлэл ,Эхийн жирэмсний талаарх мэдээлэл ,Төрөлтийн талаарх мэдээлэл, Төрсний дараах биеийн байдал, Хүүхдийн мэдээлэл, Өсөлт хөгжлийн график, Дархлаажуулалтын мэдээлэл , 2 хүртэлх насны хүүхдийн гэрийн эргэлтийн хуваарь, Эмчийн үзлэгийн түүх, Зөвлөгөө, мэдээлэл Хүүхдийн хооллолт зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.
IMEI бүртгэл
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр халаасны хулгайн 93,2% нь гар утас алдах тохиолдол байдаг. Эдгээр гар утасны 30% орчим нь буцаан олддог байна. Иргэдийг хулгайн төхөөрөмж худалдан авах, хохирохоос сэргийлэх IMEI дугаарыг шалгах үйлчилгээг E-Mongolia-с авах боломжтой боллоо. Үйлчилгээнүүд цэсээс “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах” үйлчилгээг сонгон худалдан авах гэж буй ухаалаг төхөөрөмжийнхөө IMEI дугаарыг оруулан шалгана. Өөрийн ухаалаг төхөөрөмжийн IMEI дугаарыг Settings болон *#06# товчны хослолыг хийн мэдэх боломжтой.
“Хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг” төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 4.0 хувилбар нь 86 байгууллагын 1237 үйлчилгээтэй болсон ба 1,8 сая иргэн ашиглаж байна.