Албаны болон хувийн зорилгоор Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэд F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia платформд нэвтэрнэ. F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэдийн улсынх нь код, төрсөн огноо, хүйсийн мэдээллийг агуулсан бүрдсэн бүртгэлийн дугаар юм.
Гадаадын иргэд E-Mongolia аппликэйшнаар нэвтэрч, хаягийн лавлагаа авах, Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах болон бусад үйл ажиллагаа явуулах тохиолдолд хуулийн этгээд байгуулах, зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар илгээх, компанийнхаа мэдээллийг хянах бүрэн боломжтой боллоо.
E-Mongolia платформын гадаадын иргэдэд зориулсан Foreign цонхонд оршин суугаа хаягийн лавлагаа авах, Гадаадын иргэн харьяатын газартай холбоо барих, яаралтай тусламжийн дугаар харах зэрэг нэн шаардлагатай мэдээлэл англи хэлээр байршсан юм.
Гадаад улсын иргэд бүртгэлийн дугаараа хэрхэн авах вэ?
Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Гадаад паспортын зургаа support@immigration.gov.mn хаягаар илгээж, богино хугацаанд авах. Мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia платформд нэвтрэн F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой бөгөөд мэдээллээ үнэн зөв бөглөх шаардлагатай.