Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх хамгийн эрэлттэй 10 төрлийн зөвшөөрлийг нэмлээ. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран нар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгсөн юм.
Бизнес эрхлэгч хүн бүрд зориулсан E-Business платформыг энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “И-Монгол академи” УТҮГ албан ёсоор нээж байв. Ингэснээр хуулийн этгээд үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэл бүх шатыг цахимжуулж, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдсэн.
Харин өнөөдөр буюу 09 дүгээр сарын 25-ны өдөр тус платформоор иргэн, ААН хүнсний дэлгүүр, ресторан, ая тухтай дэлгүүр, минимаркет, баар /караоке/, цайны газар, супермаркет, зочид буудал, мухлаг, хүнсний зах худалдааны төвийн үйлчилгээ эрхлэх хүсэлтээ илгээх боломжтой боллоо.
Хүсэлтээ гаргаад нэг удаа эрх авсан бол дараагийн удаа эрхээ сунгуулах шаардлагагүй төдийгүй хүсэлтийг ажлын 30 хоногийн дотор ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр гаргах юм. Заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд бол Засгийн газрын иргэдэд үйлчлэх 1111 төв болон ЦХХХЯ-нд хандана.
Харин “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын 10.2-т зааснаар 3-аас дээш удаа журам зөрчсөн, хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчил арилгах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хяналт шалгалтын дүн, эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн үйл ажиллагаа явуулах эрх цуцлагдах аж.
Иргэн та өөрийн болон аж ахуйн нэгжийнхээ бүртгэлээр E-Business платформд нэвтрэн орж, нийслэлийн зөвшөөрлүүд гэсэн ангиллаас өөрийн үйл ажиллагаа эрхлэх төрлийг сонгон хүсэлтээ илгээгээрэй. Зөвшөөрөл авах хүсэлт илгээх дэлгэрэнгүй видео заавартай танилцах бол энд дарна уу.