“Мэдээллийн технологийн 1000 инженер бэлтгэх” ажлын хүрээнд “Seeds for the Future” хөтөлбөр Катар улсын нийслэл Доха хотноо 2023 оны 09 дүгээр сарын 02-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн хөтөлбөрт Монгол, Катар, Саудын Араб, Кувейт, Эмират, Бахрейн, Казахстан, Пакистан, Оман, Узбекистан, Йордан, Ливан, Ирак, Азербайжан, Киргиз гэсэн 15 орны 200 мэргэжилтэн хамрагдаж байгаа аж.
Монгол Улсаас ЕБС-ийн багш нар төдийгүй харилцаа холбоо мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Багт “И-Монгол академи” УТҮГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Дөлгөөн, Систем ашиглалтын хэлтсийн ахлах инженер Г.Мөнх-Эрдэнэ нар багтаж байгаа юм.
Олон орны залуус мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан нийгмийн асуудлыг шийдвэрлэх санал, санаачилгаа уралдуулж байна.
Катар улсын Харилцаа холбооны зохицуулах газрын ивээл дор Huawei компани 2023 оны “Seeds for the Future” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийн нээлтийн үеэр Доха хот дахь Катарын Үндэсний конвенцийн төвд (QNCC) хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Хэлэлцүүлэгт GSMA, MENA болон Олон улсын хиймэл оюун ухааны группын ерөнхийлөгч Доктор Жассим Хажи, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дижитал технологийн дэд сайд Каримжонов Рустам, Казахстаны Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Камил Акатов нар оролцлоо.