Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран нар Бүгд найрамдах Эстони Улсын Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн бүсийн газрын захирал ноён Мати Мурд тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд “И-Монгол академи” УТҮГ-ын зүгээс Монгол Улсын төрийн үйлчилгээний цахим шилжилтийн өнөөгийн байдал, иргэд болон аж ахуйн нэгжид цахимаар үзүүлж буй төрийн үйлчилгээний мэдээллийн системийн талаар Эстони Улсын төлөөлөгчдөд танилцуулга хийв.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис Монгол Улсад төрийн үйлчилгээний цахим шилжилтийг нутагшуулахад Эстони Улсын цахим засаглалын туршлага үнэтэй хувь нэмэр болсныг онцолж, талархал илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр цахим шилжилтийн хамтын ажиллагааг цахим аюулгүй байдлын чиглэлээр өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэй болохыг Бүгд найрамдах Эстони Улсын Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн бүсийн газрын захирал ноён Мати Мурд онцлон тэмдэглэв.
Түүнчлэн, цахим шилжилтийг түргэсгэх, цахим аюулгүй байдлыг хангах болон мэдээлэл технологийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад цаашид идэвхтэй хамтран ажиллахаа талууд харилцан тохиролцов.
Тус уулзалтад Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханнес Хансо болон Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Л.Хулан нар оролцлоо.