Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө – За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг баталсан.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, олон талт оролцоог өргөжүүлэх зорилгоор төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн хүүхэд хамгааллын E-Kids цэсэд “Эрсдэл мэдэгдэх” үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.
“Эрсдэл мэдэгдэх” үйлчилгээг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын хамгийн олон буюу 2.1 сая хэрэглэгчтэй E-Mongolia системд анх нэвтрүүлсэн. Уг үйлчилгээ нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй осол, аюулыг эрт илрүүлж таслан зогсооход чиглэгддэг.
Тус үйлчилгээг хүүхэд хамгааллын E-Kids цэсэд нэмснээр хүүхэд томчуудын анзааралгүй өнгөрдөг тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн ойр орчин, гэрээсээ сургууль руу явах замдаа тулгарсан аюултай нөхцөл байдал, эрсдэлтэй байршлын мэдээллийг өөрөө цаг алдалгүй илгээх боломжтой боллоо.
Ингэснээр мэдээлэл холбогдох шатны төрийн байгууллагад шуурхай хүрч, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх бодит шийдэл болж байгаагаараа онцлог юм.
