Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн I шатны хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 10-наас 23-ны өдрийг дуустал төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч байна.
2026–2027 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хэрэгцээтэй байгаагаас 126,827 хүүхэд нь нийслэлд байна.
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл:
- 2 настай – 27,832 хүүхэд;
- 3 настай – 31,303 хүүхэд;
- 4 настай – 32,002 хүүхэд;
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр тав дахь жилдээ цахимаар хүлээн авч байгаа бөгөөд бүртгэл хоёр үе шаттай зохион байгуулагдана. Ингэснээр эцэг эх, асран хамгаалагчид цэцэрлэгт биечлэн очих шаардлагагүйгээр хүүхдийнхээ хүсэлтийг цахимаар илгээж, цаг хугацаагаа хэмнэх боломжтой.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ хэрхэн илгээх вэ?
- Иргэн та E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Үйлчилгээ” цэсээс “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээг хайж сонгоно.
- Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсаны дараа “Үйлчилгээ авах” товчийг дарахад таны хүүхдийн мэдээлэл дэлгэцэд харагдана.
- Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдээ сонгож, мэдээлэл үнэн зөв эсэхийг нягтлан шалгасны дараа системээс гарч ирэх асуултуудад хариулж, хүсэлтээ илгээнэ. Хүсэлт илгээх явцад гарч ирэх анхааруулга, мэдээлэл бүртэй сайтар танилцахыг зөвлөж байна.
Хэрэв таны хүүхэд өнгөрсөн хичээлийн жилд хамрагдсан нийслэлийн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах бол “Бүртгэлтэй хаягаас шилжилт хөдөлгөөн хийх үү?” гэсэн асуултад “Үгүй” гэж хариулан хүсэлтээ илгээнэ.
Харин шилжилт хөдөлгөөн хийх бол “Тийм” сонголтыг сонгож, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой дараагийн асуултуудад хариулсны дараа “Хүсэлт илгээх” товчийг дарснаар бүртгэл амжилттай хийгдэнэ.
Анхаарах нь: Орон нутаг руу шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд шилжин очсон хаягийн дагуу тухайн орон нутгийн боловсролын байгууллагад хандана.
Хэрэв та энэ хичээлийн жилд хүүхдээ цэцэрлэгт хамруулахгүй бол “Гэрээр хүмүүжүүлнэ”, “Гадаадад байгаа”, “Бусад” гэсэн шалтгаанаас тохирох сонголтыг хийж хүсэлтээ илгээнэ.
Эцэг эх, асран хамгаалагчид дараах зүйлсийг анхаарна уу
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг урьдчилан нягталж, баталгаажуулсан байх;
- Хүүхэд өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг зөв хийх;
- Шилжилт хөдөлгөөн хийх шаардлагатай бол 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлээ баталгаажуулсан байх шаардлагатай.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүсэлтээ 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia системээр илгээх боломжтой.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг 8-р сарын 24-өөс 8-р сарын 26-ны хооронд таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно. Мөн Та E-Mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээ авч харах боломжтой.
