E-Mongolia Academy

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ API SERVICE-ИЙГ ХУВИЙН ХЭВШИЛД НЭЭЖ БАЙНА

Монгол Улс төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр иргэд төрийн үйлчилгээг гар утас, компьютерээсээ авах боломж бүрэн бүрдээд байна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг хөгжүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэгтгэн хүргэснээр цахим засаглалын хөгжил шинэ шатанд гарч, төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртсон билээ.

Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” системээр дамжуулан 89 байгууллагын 1,269 төрлийн үйлчилгээг нийт 102 сая удаа үзүүлж, иргэдийн 27 сая ам.долларын шууд бус зардлыг хэмнэсэн үр дүн гарсан нь төрийн үйлчилгээний цахим шилжилт бодит үр өгөөжөө өгч байгааг харуулж байна.

Харин энэ удаад төрийн үйлчилгээг зөвхөн нэг платформд төвлөрүүлэхээс илүүтэйгээр иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон дижитал орчин руу нэвтрүүлэх дараагийн томоохон алхмыг хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, төрөөс хувийн хэвшлийн байгууллагуудтай API холболт хийж, иргэдийн хамгийн эрэлттэй төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтуудыг өргөн хэрэглээний аппликейшнүүдэд нэгтгэн нэвтрүүлээд байна.

Ингэснээр иргэд “E-Mongolia” системд тусад нь нэвтрэх шаардлагагүйгээр SocialPay, Toki, Ard, Skytel, GS25, CU, Orange Loyalty өдөр тутам ашигладаг аппликейшнүүдээсээ төрийн үйлчилгээг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Энэ нь төрийн үйлчилгээг иргэний хэрэглээнд илүү ойртуулж, үйлчилгээ авах үйл явцыг хялбаршуулсан хэрэглэгч төвтэй шинэ шийдэл болж байна.

Эхний ээлжид иргэдийн хамгийн их ашигладаг 15 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хувийн хэвшлийн платформуудад нэвтрүүлээд байна. Үүнд:

  1. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа
  3. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
  4. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт
  5. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
  6. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт / иргэн /
  7. Жолоочийн лавлагаа мэдээлэл 
  8. Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа
  9. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  10. 10.Төрсний бүртгэлийн лавлагаа
  11. Иргэний үнэмлэхийн лавлагаа /гадаад/
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /гадаад/
  13. 13.Төрсний бүртгэлийн лавлагаа /гадаад/
  14. 14.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /гадаад/
  15. 15. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт зэрэг үйлчилгээ багтаж байна.

Энэхүү шинэчлэл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж буй жишээ болж байна. Төр мэдээллийн сан, үйлчилгээний дэд бүтцээ нээлттэй API хэлбэрээр ашиглуулах боломж бүрдүүлснээр хувийн хэвшил хэрэглэгчийн туршлагад суурилсан, хүртээмж өндөртэй үйлчилгээ хөгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд төрийн үйлчилгээ илүү хурдан, хялбар, хүртээмжтэй болохоос гадна иргэдийн цаг хугацаа, зардлыг бодитоор бууруулах ач холбогдолтой.

Цаашид төрийн үйлчилгээ зөвхөн төрийн платформ дээр төвлөрөх бус, иргэдийн өдөр тутам ашигладаг банк, финтек, худалдаа, харилцаа холбоо болон бусад дижитал экосистемүүдтэй улам нягт холбогдох хандлага эрчимжихээр байна. Энэ нь цахим засаглалыг хэрэглэгч төвтэй загварт шилжүүлэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмж, ашиглалтын давтамжийг нэмэгдүүлж, дижитал эдийн засгийн суурь орчныг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам болж байна.

Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ иргэнээ хүлээдэг бус, иргэний хэрэглээ дотор уусаж ажилладаг шинэ тогтолцоо Монгол Улсад бодитоор бүрэлдэж эхэлж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197