Монгол Улсын хэмжээнд 2026 оны цэргийн шинэчилсэн бүртгэл 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал зохион байгуулагдаж байна. Тус бүртгэлд хуульд заасан иргэд жилд нэг удаа заавал хамрагдах үүрэгтэй.
Цэргийн бүртгэлд дараах иргэд жилд нэг удаа заавал хамрагдана. Үүнд:
- 18–50 насны цэргийн үүрэгтэн
- 65 хүртэлх насны бэлтгэл офицер
- Цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд
Цахимаар бүртгүүлэх заавар:
Иргэн та E-Mongolia системд нэвтэрч, үйлчилгээ хайх хэсгээс “Цэргийн бүртгэл” гэж хайснаар 2026 оны бүртгэлдээ цахимаар хамрагдах боломжтой.
Анхаарах зүйлс:
- 18 нас хүрээгүй, цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй иргэн харьяа баг, хороонд биечлэн бүртгүүлнэ.
- Цэргийн үүрэгтний үнэмлэхээ гээгдүүлсэн эсвэл аваагүй бол харьяа аймаг, дүүргийн Цэргийн штабт очиж шинээр авна.
- Хаягийн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн оршин суугаа газрынхаа Цэргийн штабт хандан бүртгэлээ баталгаажуулна.
Биечлэн бүртгүүлэх шаардлагатай тохиолдолд:
Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харьяа хороо, дүүрэгт очиж дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Иргэний үнэмлэх
- Үнэмлэхгүй бол 3×4 хэмжээтэй цээж зураг 2 хувь
- Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу цэргийн бүртгэлтэй иргэн бүр тогтоосон хугацаанд бүртгэлдээ идэвхтэй, хариуцлагатай хамрагдаарай.
