E-Mongolia Academy

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛАХ “E-BUSINESS 2.0” БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бизнес эрхлэгчдэд зориулсан “E-Business” платформ 2023 онд хэрэглээнд нэвтэрснээс хойш бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд дижитал өөрчлөлт авчирсаар байна. Хуулийн этгээд үүсгэн байгуулах, зөвшөөрөл авах, сунгах, байгууллагын лавлагаа зэрэг 953 төрлийн үйлчилгээг нэг платформоос авах боломжийг бүрдүүлснээр одоогийн байдлаар 39,940 хэрэглэгч нийт 345,365 удаа цахимаар үйлчлүүлээд байна.

“E-Business 2.0” хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой зөвлөлдөх хэлэлцүүлгүүдийг шат дараатайгаар зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 17-нд томоохон аж ахуйн нэгжүүдийн оролцоотой анхны хэлэлцүүлэг болсон бол бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан хоёр дахь уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.28/ амжилттай боллоо.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх замаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүнд сурталгүй хүргэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг сайжруулах, “E-Business” системийн хөгжлийн дараагийн шатны зорилт, хэрэгжилтийг хэлэлцэж, бизнес эрхлэгчдийн санал, шийдэл, гарцыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын “Албан бус эдийн засгийг албажуулах төсөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “И-Монгол академи” УТҮГ хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, томоохон компанийн төлөөллүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн төлөөлөл оролцож, цахим үйлчилгээний дараагийн шатны зорилт, хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлж, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрээр хүргэх, экспорт, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг сайжруулах бодлогын шинэ алхмуудыг тодорхойлон санал солилцлоо. Цаашид Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны А/27 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудын уялдааг хангах, нэгдсэн дижитал системийг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ нь бизнесийн дижитал шилжилтийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх, Монгол Улсын эдийн засгийн идэвх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн алхам болох юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.