E-Mongolia Academy

“Digital First”: Илүү дэвшилтэд E-Mongolia 5.0 хувилбараа танилцууллаа

Монгол Улсын хамгийн олон хэрэглэгчтэй, төрийн үйлчилгээг нэгтгэсэн үндэсний цахим платформ E-Mongolia 2025 оны 9 дүгээр сарын 20-нд “Digital First” уриатай 5.0 хувилбараа олон нийтэд танилцууллаа.

Одоогийн байдлаар тус платформ нь 87 байгууллагын 1268 төрлийн үйлчилгээг нэгтгэн хүргэж, 2.06 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон бөгөөд энэ нь насанд хүрсэн хүн амын 89 хувийг хамарч байна. Нэвтрүүлснээс хойш таван жилийн хугацаанд нийт 85 сая үйлчилгээг цахимаар хүргэж, 1.7 их наяд төгрөгийн зардлыг хэмнэсэн нь цахим шилжилтийн бодит үр өгөөжийг харуулж байна.

Шинэчилсэн E-Mongolia 5.0 хувилбараар дараах таван үндсэн шинэчлэлийг хэрэгжүүлэв.

Үүнд:  ДАН 2.0 ухаалаг танилт, нэвтрэлт, хиймэл оюунд суурилсан иргэнээ хөтөлдөг чатбот, цахим хэтэвч, шинэ төрлийн үйлчилгээ, мөн төрийн байгууллагуудын цахим хуудсуудыг нэгтгэсэн нэгдсэн шинэ портал багтсан юм. Тухайлбал, төрийн байгууллага, үйлчилгээ болон цахим сургалтын үндсэн гурван цэс бүхий нэгдсэн портал бий болж, 2320 байгууллагын вэб сайтын мэдээллийг нэгтгэн олон нийтэд ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн нээлттэй мэдээллийг нэг дороос авах боломж бүрдүүлсэн аж.

Иргэд лавлагаа, тодорхойлолтоо Монгол хэлээр авдаг байсан бол уг шинэчлэлээр орос, хятад, англи, франц, солонгос хэлээр авах боломжтой болсон төдийгүй, цахим апостиль гэрчилгээ, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар хадгалалт зэрэг үйлчилгээнүүд бүрэн цахимжиж, гар утасны аппликейшнээр дамжуулан нөхөн бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн гадаад паспорт захиалах нөхцөл боломж бүрдлээ.

Түүнчлэн төрийн сан, QPay, SocialPay-тай хамтран төрийн үйлчилгээний төлбөрийг нэг цонхоор төлөх боломж бүрдүүлж, СӨХ, цахилгаан, дулааны төлбөрийг цахимаар хийх нөхцөлийг шийдвэрлэсэн. Хүртээмжийн шинэ шийдлээр хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тохиргоо (дэлгэц томруулах, өнгө өөрчлөх, уншигч программ) нэмэгдэж, хэл ярианы бэрхшээлтэй иргэд дүрст дуудлагаар зөвлөгөө авах боломжтой болсон нь хүртээмжийг бодитоор сайжруулсан алхам боллоо.

Харин хиймэл оюунд суурилсан ухаалаг хөтөч, AI чатботоор дамжуулан 60 төрлийн үйлчилгээг шууд авах, өргөдөл гомдлын явцыг лавлах боломжтой болж, төрийн үйлчилгээний доголдол, тасалдлыг ил тод харуулах мэдлэгийн граф системийг нэвтрүүлэв.

Мөн ДАН 2.0 системээр нүүр таних хиймэл оюун, гадаад утасны дугаар, итгэмжлэлийн шийдлийг ашиглан Google Authenticator болон Microsoft Authenticator-аар SMS ашиглахгүйгээр нэвтрэх боломж бүрдсэн.

Ийнхүү E-Mongolia 5.0 нь зөвхөн технологийн шинэчлэл бус, иргэдийн цаг хугацааг хэмнэн төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ил тод, хялбар болгох чухал дэвшил болж байна. Монгол Улсын цахим шилжилтэд иргэн бүрийн оролцоо, хамтын хүч зайлшгүй шаардлагатай бөгөөд “Digital First” уриатай шинэчлэгдсэн E-Mongolia 5.0 нь энэхүү хамтын зорилтын шинэ эхлэл юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.