2025 оны 1 дүгээр сарын 30,31 -ний өдрүүдэд “И-Монгол академи” УТҮГ-ын удирдлага болон төлөөлөгчид Казахстан Улсын Алматы хотын Төрийн үйлчилгээний төвд зочилж, тус улсын цахим засаглалын туршлагаас судаллаа. Айлчлалын зорилго нь хоёр улсын төрийн үйлчилгээг сайжруулах, цахим засаглалын шилдэг практик, инновациудыг харилцан судлах юм.
Казахстан Улс нь gov.kz цахим засаглалын платформоор дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ цахим платформ нь олон төрлийн төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэдэг гэдгээрээ онцлогтой. Алматы хот дахь Төрийн үйлчилгээний төв нь Казахстан Улсын цахим засаглалын төв болж, иргэдэд цахим болон биечлэн төрийн олон төрлийн үйлчилгээ, гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолт, төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд тус үйлчилгээний төв нь автоматжуулсан системүүд, хиймэл оюун ухаан (AI) болон машин сургалтын технологийг нэвтрүүлж, иргэдэд хурдан, хялбар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.
Ялангуяа алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдэд цахим үйлчилгээг авах боломжийг олгодгоороо ихээхэн онцлогтой байна. Мөн уулзалтын хүрээнд Төлөөлөгчид цахим засаглалын хүрээнд хийж буй Казахстаны үйл ажиллагаатай танилцаж, биометрик мэдээлэл, хиймэл оюун ухаан ашиглан төрийн үйлчилгээг хурдасгах, урьдчилан таамаглах, үйлчилгээний чанарыг сайжруулах боломжуудыг харилцан хөгжүүлэх боломжуудын чухлыг онцолсон байна.
Энэхүү айлчлал нь Казахстан, Монгол Улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид цахим засаглалын чиглэлд хамтран ажиллах боломжийг нээх чухал алхам болж байна.



