E-Mongolia Academy

E-Mongolia системээс 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн  

E-Mongolia системийн шинэчлэл, аюулгүй байдалтай холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултуудыг багцлан “И-Монгол академи” УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын дарга С.Тулгаас тодрууллаа. 

– Сайн байна уу. E-Mongolia систем нь төрийн үйлчилгээг авахад илүү     хурдан, хялбар, хүртээмжтэй болж иргэдийн өдөр тутмын хэрэглээ болоод байна. Тэгвэл энэ систем нь хэрхэн яаж ажилладаг талаар өнөөдрийн яриагаа эхэлье. 

E-Mongolia систем нь төрийн үйлчилгээг мобайл аппликэйшн, веб сувгаас гадна биечилж үйлчилгээ авах оператор систем, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд үйлчлэх киоск зэрэг сувгуудаар хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэсээр байна.

Систем маань хэрхэн ажилладаг вэ? гэхээр ДАН (танилт нэвтрэлтийн) системээр өөрийгөө таниулж нэвтэрсний дараа хэрэглэгчийн мэдээллийг Мэдээлэл хариуцагч байгууллагаас ХУР (Төрийн мэдээлэл солилцооны) системээр дамжуулан авч лавлагаа, тодорхойлолтыг татаж харуулдаг, хэрвээ олон шатлалт үйлчилгээ бол холбогдох төрийн байгууллагын үйлчилгээний хүсэлт шийдвэрлэх албан хаагч руу илгээх зарчмаар ажилладаг.

Өөрөөр хэлбэл бид иргэдийн хувийн мэдээллийг өөрсдийн дэд бүтэц дээр шинээр үүсгэж ажилладаггүй бөгөөд зөвхөн мэдээлэл хариуцагч байгууллага үүсгэсэн мэдээллийг “ХУР” системээр дамжуулан тухайн мөчид ашиглаж үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм.

  • E-Mongolia системийг нэвтрүүлээд 4 жил гаруй хугацаа өнгөрлөө. Тэгвэл энэ хугацаанд иргэд цахимаар төрийн үйлчилгээ авдаг болсноор цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэж аль аль талдаа үр дүнтэй байгаа нь ойлгомжтой. Эдийн засгийн хувьд ямар үр дүн гарч байгаа вэ? 

Монгол улсын Засгийн газраас 2019 онд E-Mongolia төслийг санаачлан хэрэгжүүлж 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор иргэдийн хамгийн их авдаг 23 байгууллагын 181 үйлчилгээг гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлсэн системийг анх танилцуулж байсан бол өдгөө 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломжийг бий болгож байна. “E-Mongolia” систем нь 4 жилийн хугацаанд 1,9 сая хэрэглэгчдэд 62 сая удаагийн үйлчилгээг амжилттай үзүүлж систем нэвтэрсэн хугацаанаасаа хойш иргэдээс нийт 1,2 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийсэн гэсэн тооцоолол бий.

         Уламжлалт төрийн үйлчилгээг авахад иргэн 2 цаг 30 минут зарцуулдаг бол E-Mongolia системийг ашиглан гурван минутад төрийн үйлчилгээг авах боломжтой болсон. Иргэдийн төрийн үйлчилгээг авах шаардлага нь амьдралын онцлогоос хамааран өөр өөр байгаа ч дундажлан авч үзвэл нэг иргэн жилд 6 удаа төрийн үйлчилгээг авч байна гэж тооцож үзвэл нэг хүн жилдээ 15 цагийг буюу ажлын 2 өдрийг алдаж байгаа юм. Өдөрт дунджаар 7580 иргэн төрийн үйлчилгээ авч, ирж буцах, дараалан зогсох зэрэг хугацааг нийлүүлж үзвэл нэг үйлчилгээнд 2 цаг 30 минут зарцуулдаг тэгвэл нийтдээ 18,950 цагийг төрийн үйлчилгээ авахад зарцуулж байна.

E-Mongolia системийг ашигласнаар МУ-ын иргэдсард 3,182,876 цаас хэмнэдэг энэ нь Сүхбаатарын талбайг 6 давхар хучих хэмжээний цаас юм.

Мөн манай “И-Монгол академи” УТҮГ -ын Сургалтын хэлтсээс төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгоор 1843 цагийн цахим ур чадварын сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж 21 аймаг, 9 дүүргийн нийт 67,750 иргэд, төрийн албан хаагчдыг хамруулаад байна.

  • Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн яаж хамгаалж, иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хангах процесс хэрхэн явагддаг вэ? 

Иргэний хувийн мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол яах аргагүй өндөр нууцлалтай байх ёстой. Бидэнд хадгалагдаж байгаа мэдээлэл бол манайхаар дамжсан лавлагаа, тодорхойлолт гэх мэт үйлчилгээний хүсэлттэй холбоотой мэдээллүүд байдаг бөгөөд бид Үндэсний дата төв болон олон улсын дэвшилтэт технологийн тусламжтайгаар мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тун удахгүй бид олон Улсын ISO 9001, 27001 стандартуудыг нэвтрүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. Тухайлбал,

  • Нэгдүгээрт системд хандаж байгаа хэрэглэгч бүрийн хандалтын урсгал дахин давтагдахгүй байдлаар алгоритмаар (Encrypt) нууцлагдаж дундаас нь задлах боломжгүй байдаг.
  • Хоёрдугаарт системийн гаднаас хандалт бүхэлдээ 2 түвшинд аюулгүй байдлын шийдлээр хамгаалагддаг.

Эхний түвшин Cloud WAF буюу Cloud Web Application Firewall-р бүх урсгалыг шинжилж аюулгүй байдлыг хангадаг.

Дараагийн түвшинд Үндэсний дата төвийн аюулгүй байдлын газар бүх урсгалд дамжиж буй өгөгдөлд хяналт тавьж аюулгүй байдлын шинжилгээ хийж ажилладаг.

  • E-Mongolia апп-руу нэвтрэхэд мэдээлэл шинэчилж байна гээд удаад байдаг тал бий. Хурдыг нь сайжруулах талаар хэрхэн ажиллаж байгаа вэ?  

Бид E-Mongolia системийг тогтмол сайжруулж шинэ үйлчилгээ, шинэ боломжийг бий болгож долоо хоног бүр шинэчлэлүүдийг оруулдаг. Хэрэглэгч нэвтрэх бүрд шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж хэрэв гарсан бол шинэ хувилбарыг татаж аппликэйшн дахин ачаалалдаг. Нэг шинэчлэлд дээд тал нь 100kb (килобит) хэмжээтэй буюу маш бага өөрчлөлт ордог бөгөөд удаж байгаа асуудал бол шууд интернэтийн хурдтай холбоотой гэж үзнэ. Гэхдээ авч байгаа үйлчилгээнд ямар нэгэн алдаа заасан тохиолдол гарвал мэдээлэл хариуцагч байгууллага буюу таны үйлчилгээ авч байгаа байгууллагаас шалтгаалж байгаа гэж үзэж болно.

  • E-Mongolia системээс иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээнүүд юу байна вэ? 

Өмнө хэлсэнчлэн 87 байгууллагын 1263 төрийн үйлчилгээг үзүүлж байна. Иргэдийн авдаг цахим үйлчилгээ нь хэрэгцээ, шаардлагаасаа хамааран харилцан адилгүй тухайлбайл,

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт – 14,183,927
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа – 5,547,285
  • Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа – 4,060,166
  • Жолоочийн лавлагаа, мэдээлэл – 3,101,494
  • Зээлийн мэдээллийн лавлагаа – 2,647,994
  • Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах – 2,185,212
  • Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээллийн үйлчилгээг 2,951,143 удаа авсан байна. [GU1] 

Цаашид ч мөн адил иргэдийн хувьд хэрэгтэй, шаардлагатай эрэлт хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг нэмж, бид мэргэжлийн түвшинд судлан шинжилж цаг алдалгүй нэвтрүүлсээр байх болно.

  • E-Mongolia системийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Манай “И-Монгол академи” УТҮГ -ын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэс нь 11-11 дугаарын 2 дугаар шугамаар дамжуулан ажлын өдөр 08:00 цагаас 17:00 хүртэл харин сошиал сувгаараа 7 хоногийн 24 цаг иргэдийн санал, гомдол, асуудлыг хүлээн авч дараагийн шатны байгууллагад мэдэгдэж шийдвэрлэн заавар, зөвлөгөөг өгч ажилладаг. Бид дуудлага давхацсан үед эсвэл дуудлага тасарсан үед эргэн холбогдож асуудлыг шийдвэрлэж ажилладгаараа онцлогтой.

  • Монгол Улс цахим засаглалын үзүүлэлтээрээ дэлхийн хаана явж байна. Мөн  E-Mongolia системийн цаашдын зорилт, хөгжүүлэлтийг сонирхож болох уу?  

         НҮБ-аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд өмнө нь НҮБ-ын гишүүн 193 орноос 2018, 2020 онд 92 дугаар байрт, 2022 онд 74 дүгээр байрт эрэмбэлэгдэж урагшилсан. Харин 2024 оны байдлаар 28 байраар урагшилж 46 дугаар байрт эрэмблэгдсэн нь өмнө байгаагүй амжилт юм. Цаашид бид цахим үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллахаар хичээж байна. 

        Энэхүү индексийг нэг жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг.

         Мөн дэлхийн инновацын индексээр 132 орноос 2020 онд 58 дугаар, 2022 онд 71 дүгээр, 2024 онд 67 дугаар байрт орсон байна.

Бид цаашид МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028  ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР-т тусгагдсаны дагуу төрийн бүх төрлийн үйлчилгээг хиймэл оюуны тусламжтайгаар хүсэлт шийдвэрлэх чадавх бүхий “Ухаалаг E-Mongolia” системийг хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -р дамжуулан үнэт цагаа  хэмнэж өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлж хэрэглэж ирсэн, цахим шилжилтийг дэмжиж буй иргэд та бүхэндээ баярлалаа.

Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!