E-Mongolia Academy

Байнгын асаргааны тэтгэмжийн үйлчилгээ цахимжлаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар тогтоолоор байнгын асаргаа шаардлагатай иргэний асарч буй иргэнд сар бүр төрөөс 275000-302500 төгрөгийн хооронд тэтгэмж олгохоор баталсан байдаг.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.6-д “байнгын асаргаа шаардлагатай иргэн гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг; ” гэж заасан бөгөөд тухайн иргэнийг асарч байгаа иргэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгодог.

Асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/-ийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байна. 

Дээрх байнгын асаргааны тэтгэмжийн үйлчилгээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран цахимжууллаа.

Үүнд:

  • 16 хүртэлх насны хүүхэд /сар бүр олгох тэтгэмж/
  • Ахмад настан /улиралд нэг удаа олгох тэтгэмж/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /улиралд нэг удаа олгох тэтгэмж/-ийн үйлчилгээнүүдийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах боломжтой боллоо.

Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлтэй хаягаараа нэвтрэн орж хайлтын хэсэгт авах үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр тус үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Нийгмийн халамжийн үйлчилгээ цахимжсанаар иргэд төрөөс үзүүлж буй халамжийн үйлчилгээнүүдийг цаг алдалгүй шуурхай авах, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээг хялбараар авах боломжууд  бүрдэж байгаа юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!