Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг болох “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулсан.
Бодлогын баримт бичгийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэхээр ЦХХХ-ны сайдын 2023 оны 07 дугаар сарын 18-ны А/66 тушаалаар ажлын хэсэг байгуулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна.
“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймагт 08 дугаар сарын 14-ны өдөр ажиллалаа. Тэрээр төрийн 10 гаруй байгууллагын 60 орчим албан хаагчдад цахим хөгжлийн багц хууль болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулав.
Мөн “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалтын хэлтсийн сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа.
“Албан бичиг солилцооны дундын систем”, “Тоон гарын үсэг түүний хэрэглээ”, “Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд”, “Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд”, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам” зэрэг сэдвийн хүрээнд сургалт явагдсан юм. албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо.
“Цахим аймаг” бодлогын зөвлөмж нь орон нутгийн цахимжилтын үйл явцыг зөв төлөвлөж удирдах, хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, эрчимжүүлэх, аймгуудын цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуултуудад хариулт өгөх, иргэн төвтэй засаглалыг хөгжүүлэхэд нэгдсэн хандлага, арга зүйг бий болгох зорилготой юм.