Гар утаснаасаа бизнесээ удирдах боломж бүрдлээ
Бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформын мобайл аппликейшн 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр өмнө нь зөвхөн веб порталаар авч байсан бизнесийн төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч гар утаснаасаа авах бодит боломж бүрдэж байна.
“И-Монгол академи” УТҮГ-аас 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд нээсэн E-Business платформ нь гурав дахь жилдээ бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээг цахимаар хүргэж, бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд дижитал өөрчлөлтийг тууштай нэвтрүүлсээр ирсэн юм.
E-Business систем нь аж ахуйн нэгж шинээр байгуулахаас эхлээд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад шаардлагатай төрийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн цогц шийдэл юм. Тухайлбал:
- Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
- Улсын бүртгэлд бүртгүүлэх
- Эд хөрөнгийн жагсаалт бүртгэх
- Цахим гэрчилгээ авах
- Тамганы хяналтын хуудас илгээх
- Бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах зэрэг аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой гол үйлчилгээнүүдийг нэг платформд төвлөрүүлсэн нь бизнес эхлүүлэх, өргөжүүлэх явцыг илүү ойлгомжтой, дараалалтай, цэгцтэй болгож байна.
E-Business мобайл аппликейшн хэрэглээнд нэвтэрснээр бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч гар утаснаасаа шуурхай авахын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаагаа илүү уян хатан, оновчтой зохион байгуулах боломжтой болж байна.
Судалгаагаар Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг байна. Энэхүү үзүүлэлт нь бизнесийн төрийн үйлчилгээг байршлаас үл хамааран, цахимаар тэгш хүртээх хэрэгцээ улам бүр нэмэгдэж буйг харуулж байна. Өнөөдрийн байдлаар E-Business платформ нь хэдэн зуун мянган хэрэглэгчийг хамарч, 953 төрлийн үйлчилгээг нийт 437,274 удаа амжилттай үзүүлжээ.
E-Business мобайл аппликейшний давуу тал
E-Business гар утасны аппликейшн нь бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд нийцсэн дараах боломжуудыг багтааж байна. Үүнд:
- Төрд бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллээ хаанаас ч хянах, удирдах
- Үндэсний танилт, нэвтрэлтийн ДАН системийн эрхийн бүртгэлээр нэвтрэх
- Лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг шуурхай авах
- Хуулийн этгээдийн нэрийн давхардлыг хиймэл оюунаар шалгаж, ухаалаг баталгаажуулалт хийх
- QR кодоор баталгаажсан лавлагаа, тодорхойлолт ашиглах
- Төрийн үйлчилгээний төлбөрийг нэг дороос төлж, хянах
Эдгээр боломж нь бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг бодитоор хэмнэж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулахад чиглэж байна.
E-Business мобайл аппликейшн нь бизнес эрхлэгчдэд өөрийн бизнесийн мэдээлэлд эзэн байх, хариуцлагатайгаар удирдах соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчаас шууд хамааралтай байдлыг багасгаж, бизнесийн үйл ажиллагааг илүү ил тод, бие даасан байдлаар зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь Монгол Улсын бизнесийн экосистемийг дараагийн шатанд гаргах бодит суурь болж байна.
