Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох үүднээс төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д цахимжуулаад хагас сарын хугацаа өнгөрсөн байна.
Өмнө нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд иргэд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Автотээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан бол тус үйлчилгээ цахимжсанаар 14 хоногийн хугацаанд нийт 2419 иргэн цахимаар үйлчилгээгээ авсан байна.
Specifically:
- Тээврийн хэрэгсэл шилжүүлж буй тал 2,211;
- Тээврийн хэрэгсэл шилжүүлэн авч буй тал 208;
- Тоон гарын үсэг хүлээж байгаа 483;
- Шинэ төлөвтэй 1,262;
- Амжилттай шилжүүлж, шилжүүлэн авсан 290 байна.
Мөн тус үйлчилгээг авахад тоон гарын үсэг зайлшгүй шаардлагатай бөгөөд хэрэв одоогоор тоон гарын үсгээ хараахан авч амжаагүй байгаа тохиолдолд иргэн та гар утасны GSIGN аппликейшнд суурилсан тоон гарын үсгийг ХУРДАН киоск машинаас авах, эсвэл тоон гарын үсгээ биет буюу токен хэлбэрээр авахыг хүсвэл тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас авах боломжтой байна.
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia системээр хийх заавар:
- E-Mongolia системд нэвтрэн “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг сонгоно.
- Шилжүүлэгч эсвэл хүлээн авагч талаас үйлчилгээг авах эсэхээ сонгоно.
- Шилжүүлэх тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулна.
- Хүлээн авагчийн мэдээллийг оруулж, системийн анхааруулга, санамжтай танилцан хүсэлтээ баталгаажуулна.
- Хүлээн авагч иргэн бүх анхааруулга, санамжийг сайтар уншиж үйлчилгээний явцыг үргэлжлүүлнэ.
Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин www.e-mongolia.mn
