Төрийн үйлчилгээ авахдаа иргэд ихэвчлэн олон асуулттай тулгардаг. Жишээлбэл, тухайн үйлчилгээг авахын тулд яг ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ, хаана очиж хандах ёстой вэ, ямар шат дамжлагатай вэ, эсвэл уг үйлчилгээг тухайн үедээ авч болох уу зэрэг эргэлзээ гардаг. Энэ бүх мэдээлэл тодорхой бус байснаас болж иргэд заримдаа буруу үйлчилгээ сонгож, дахин цаг зарцуулан очих, эсвэл шаардлагатай баримт бичгээ дутуу бүрдүүлсэн байх зэрэг хүндрэлүүд гардаг.
Иймээс “E-Mongolia 5.0” шинэ хувилбарын хамгийн онцлох шинэчлэлийн нэг бол “Ухаалаг хөтөч” цэс юм. Энэхүү хөтөч нь иргэн ямар төрийн үйлчилгээ авах гэж байгаагаа сонгоход автоматаар шаардлагатай мэдээллийг харуулж, шат дараатай зөвлөмж өгдөг.
Ухаалаг хөтчийн үндсэн боломжууд:
- Тухайн үйлчилгээг авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг харуулна.
- Үйлчилгээг авахад аль байгууллагад хандах хэрэгтэйг зааж өгнө.
- Үйлчилгээг авах боломжтой цаг хугацаа болон нөхцөл ямар байгааг тодорхой тайлбарлана.
- Иргэн буруу үйлчилгээ сонгохоос урьдчилан сэргийлнэ.
- Бүх мэдээллийг нэг дороос, энгийн хэлбэрээр үзүүлнэ.
Ингэснээр “E-Mongolia 5.0”-ийн шинэ ухаалаг хөтөч нь иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд илүү нийцсэн, төрийн үйлчилгээг авах замыг илүү хялбарчилсан чухал дэвшил болж байна.
Иргэн та өөрт хэрэгтэй үйлчилгээгээ илүү ухаалгаар оновчтой сонголттойгоор “Ухаалаг хөтөч” цэсийг ашиглан аваарай.
E-Mongolia 5.0 (AI CHATBOT)
Эрэлттэй 60 төрлийн лавлагааг хялбар авах, үйлчилгээний хүсэлт шийдвэрлэлтийн явцын мэдээллийг хараарай.