Зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь тухайн иргэн эсвэл аж ахуйн нэгжийн зээлийн түүх, санхүүгийн үүргээ биелүүлсэн байдалтай холбоотой мэдээллийг агуулсан баримт бичиг юм
Тодруулбал: Банкууд болон ББСБ-ууд иргэдийн зээлийн чадварыг үнэлэх, зээл олгох шийдвэр гаргахад чухал үзүүлэлт болдог бөгөөд орон сууц, авто машин худалдан авах, гадаадад зорчих зэрэг санхүүгийн чадамжтай холбоотой олон салбарт өргөн хэрэглэгддэг байна. Үүнд зээлийн дансны төрөл, ангилал, үлдэгдэл, төлбөрийн түүх болоод зээл олгогч болоод авсан этгээдийн хувийн мэдээллийн тойм багтдаг.
Иргэн, ААН өөрийн зээлийн лавлагааг дараах сувгуудаар авах боломжтой.
Цахимаар авах:
– И-Монголиа системд хандан Бүрэнскор, Сайнскор ЗМС сонгон лавлагаа авах;
– И-Монголиа системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэх;
– Үйлчилгээ хайх хэсэгт “Зээлийн мэдээллийн лавлагаа” гэж хайн үйлчилгээг шуурхай авах боломжтой.
– Үйлчилгээний төлбөр 1000 төгрөг.
Биечлэн авах:
– Киоск /Хурдан, Гэрэгэ/ машинуудаас Бүрэнскор, Сайнскор ЗМС сонгон лавлагаа авах;
– Харилцдаг банк, зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж авах боломжтой.
Иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн мэдээлэл, нэмэлт өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор Зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг бөгөөд тэр даруйд тухайн иргэн, аж ахуй нэгжийн мэдээлэл шинэчлэгддэг. Харин таны бүрэн төлөгдсөн зээл, төлбөрийн мэдээлэл 10 жилийн хугацаанд, төлөгдөж дуусаагүй зээл, төлбөрийн мэдээлэл байнга хадгалагддаг.