Олон улсын компьютерын шинжлэх ухаан, боловсролын технологийн симпозиум (ISCSET) нь 2011 онд хоёр их сургуулийн зуны сургуулиар эхэлсэн бөгөөд жилээс жилд энэ арга хэмжээнд илүү олон их, дээд сургуулиуд хамрагдаж, 2014 онд Монгол, Герман, Орос, Хятад улсын их дээд сургуулиудын хооронд хамтын ажиллагаа бий болсон. Дараа нь зуны сургуулийг симпозиумын түвшинд хүртэл сунгасан.
ISCSET нь Компьютерын шинжлэх ухаан, компьютерын инженерчлэл, боловсролын технологи гэсэн гурван үндсэн чиглэлийг хамардаг. Сүүлийн хорин жилд технологи хурдацтай хөгжиж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн бүх салбарт янз бүрийн технологийг ашиглах боломжийг олгосон. Үүнтэй холбогдуулан, сургалтын үйл явцад олон өөрчлөлт гарсан. Технологийн хөгжлийг дэмжихийн тулд маш сайн инженер, эрдэмтэд хэрэгтэй. Иймд дээд боловсрол тэр дундаа инженерийн боловсрол сургалтын үйл ажиллагаанд орчин үеийн арга, технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Бидний харж байгаагаар дээрх гурван чиглэл нь дээр дурдсан асуудлуудад маш чухал бөгөөд эдгээр чиглэлээр хэрэгжиж буй төсөл, ирээдүйн чиг хандлагыг тусгахыг зорьж байгаа юм.
13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Олон улсын Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн симпозиум (ISCSET 2024)-д Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, PhD М.Итгэл, Өгөгдлийн боловсруулалт, систем хөгжүүлэлтийн секторын эрхлэгч, PhD Б.Буяндэлгэр, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын Сургалтын хэлтсийн дарга В.Лут-Очир, судлаач Э.Оюунгоо нар хамтран “The ICT Competence Framework for Formal and Non-formal Educational Training in Mongolia” сэдэвт өгүүллийг бичсэн.
2024 оны 07 дугаар сарын 17-19-ний хооронд холимог хэлбэрээр зохион байгуулагдсан тус симпозиумд “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын Сургалтын хэлтсийн дарга В.Лут-Очир эрдэм шинжилгээний өгүүллээ амжилттай хэлэлцүүлэв.
Тус симпозиумд ХБНГУ, Монгол, БНХАУ, Франц, Йордан, Алжир, Япон, Казахстан, Узбекистан, Бангладеш, Энэтхэг, Ирак, Турк, Афганистан, Иран, Тунис, Пакистан, Сири зэрэг улсын төлөөлөл оролцлоо.
Симпозиум нь IEEE болон олон улсад scopus бүртгэлтэй болж байгаагаараа онцлогтой юм.
Олон улсын компьютерын шинжлэх ухаан, боловсролын технологийн симпозиум (ISCSET)-ын талаарх мэдээллийг https://www.iscset-conf.org/ веб сайтаас авах боломжтой.