Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар ЦХИХХ-ны сайдаар Цэндийн Баатархүү томилогдсон. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд шинээр томилогдсонтой холбогдуулан яамны харьяа болон салбар байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзаж, хийж хэрэгжүүлж буй ажлын одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцож байгаа билээ.
Харьяа газруудын үйл ажиллагаатай шат дараатай танилцаж буй ажлын хүрээнд өнөөдөр /2024.08.22/ “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлага албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтад ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, албаны төлөөллүүд, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран болон газар, хэлтсийн дарга нар оролцож санал солилцов.
Уулзалтын үеэр “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олонд үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажиллаж байгаад онцгойлон баяр хүргэсэн юм. Мөн “E-Mongolia” системийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх, орон нутгийн иргэд рүү чиглэсэн сургалтыг эрчимжүүлэх, ачаалалтай үед систем удаашралтай байгаа тал дээр мониторинг хийх, сайжруулах, инновацын экосистемийг хөгжүүлэх тал дээр хувь нэмэр оруулах, бүхий л үйлчилгээг иргэд өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжийг сайжруулахын тулд хууль эрх зүйн орчинд нь анхаарч ажиллахаа илэрхийллээ.