Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр халаасны хулгайн 93,2% нь гар утас алдах тохиолдол байдаг. Эдгээр гар утасны 30% орчим нь буцаан олддог байна.
Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран, хулгайд алдагдсан гар утсыг түргэн, шуурхай олж тогтоохын тулд үүрэн телефоны оператор компаниудтай цахим сүлжээгээр холбогдож, мэдээлэл солилцох ажлыг эхлүүлсэн.
Тус ажлын хүрээнд иргэдийг хулгайн төхөөрөмж худалдан авах, хохирохоос сэргийлэх IMEI дугаарыг шалгах үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-с авах боломжтой боллоо. Тус үйлчилгээг авахын тулд E-Mongolia-д өөрийн бүртгэлээрээ нэвтэрч үйлчилгээнүүд цэсээс “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах” үйлчилгээг сонгон худалдан авах гэж буй ухаалаг төхөөрөмжийнхөө IMEI дугаарыг оруулан шалгана.
Өөрийн ухаалаг төхөөрөмжийн IMEI дугаарыг Settings болон *#06# товчны хослолыг хийн мэдэх боломжтой. Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол мэдээлэл бүртгэсэн цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
“Хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг” төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 4.0 хувилбар нь 86 байгууллагын 1237 үйлчилгээтэй боллоо.