Бизнес эрхлэгчид болон хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор E-Business 2.0 системийг хэрэглэгчдийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан шинэчлэн хөгжүүлээд байна.
Системийн хөгжүүлэлт, сайжруулалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох хүрээнд бизнес эрхлэгчдээс ирүүлсэн санал хүсэлт, тулгамдсан асуудлуудыг судалж, шинэчлэлд бодитоор тусгаснаар бизнесийн үйл ажиллагааг бүрэн цахим орчинд удирдах боломжийг улам өргөжүүлж байна
Энэхүү шинэчлэлийн хүрээнд “И-Монгол академи” УТҮГ Монголын Нотариатчидын танхимтай хамтран E-Business системийн 77 үйлчилгээг итгэмжлэлээр авах боломжийг бүрдүүллээ.
Ингэснээр иргэн болон хуулийн этгээд нь нотариатын байгууллагаар дамжуулан “E-Business системээр үйлчилгээ авах” итгэмжлэл үүсгүүлж, ДАН танилт, нэвтрэлтийн системээр нэвтрэн итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд төрийн үйлчилгээг авах боломжтой болсон юм.
Мөн итгэмжлэлээр эрх авсан хэрэглэгч E-Business системээр үйлчилгээ авах хүсэлт гаргах үед тухайн хүсэлтийн мэдээлэл нь эрх олгосон байгууллагын эрх бүхий этгээдэд мэдэгдэл хэлбэрээр хүрэх бөгөөд үйлчилгээний явц, төлбөрийн нэхэмжлэл болон бусад мэдээллийг цахимаар хянах боломжтой.
Ингэснээр:
- Байгууллагын эзэмшигч, удирдлага заавал өөрөө үйлчилгээ авах шаардлагагүй болно.
- Эрх олгосон ажилтан байгууллагын өмнөөс цахимаар үйлчилгээ авах боломжтой болно.
- Хүсэлт, шийдвэрлэлтийн явц болон төлбөрийн мэдээллийг бодит хугацаанд хянах боломж бүрдэнэ.
- Байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдал, бүтээмж нэмэгдэнэ.
Итгэмжлэлээр үйлчилгээ авах эрх нь зөвхөн нотариатаар баталгаажсан итгэмжлэлийн хүрээнд хүчинтэй байх бөгөөд итгэмжлэлийн хугацаа дууссан тохиолдолд системд нэвтрэх болон үйлчилгээ авах эрх автоматаар цуцлагдана.
E-Business 2.0 нь бизнес байгуулахаас эхлээд үйл ажиллагаагаа удирдах, өргөжүүлэх хүртэлх бизнесийн амьдралын мөчлөгийг бүхэлд нь дэмжих, төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн үндэсний платформ юм.
