“Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр хүлээн авна.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох журам”-ын дагуу оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:
- Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
- Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
- 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн 1 жил төлсөн байх зэрэг болно.
Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ.
Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагсад сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын төвийн тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяалах аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн бүртгүүлнэ.
Энэ жилийн “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” цэргийн мэргэжил олгох сургалт нь цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой болсон ба 2,3-р курсийн оюутнууд хамрагдаж байгаагаараа онцлог юм. Мөн онолын бэлтгэл сургалт дөрвөн төрлийн хичээлээр явагдах ба оюутнууд сурч байгаа мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмших юм. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтууд түлхүү орно.
Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү сургалтад өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 10000 гаруй оюутан, суралцагчийг хамруулж, цэргийн мэргэжил олгон I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна.
“Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг
“Батлан хамгаалах яам”-ны 1800-1144,
Оюутны голч дүнтэй холбоотой асуудлыг
“Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 7577-2727 утсаар тус тус тодруулна уу!

