Цахим гадаад паспортыг 2023 оны 03 дугаар сараас эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар болон харьяа дүүргийн бүртгэлийн газрууд олгож эхэлсэн. Цахим гадаад паспорт авснаар иргэд Монгол Улстай харилцан визгүй зорчих орнуудын E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан, дараалалд зогсохгүй нэвтрэх боломжтой. Тухайлбал Монгол улсын иргэд ихээр зорчдог Австрали, Канад, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Турк, Шенгений орнуудад цахим паспортыг ашиглах боломжтой.
Иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ Монгол Улсын хил дээр дарааллан хүлээлгүйгээр цахим паспортоо тусгай төхөөрөмжид уншуулаад хилийн шалганаар шууд нэвтрэх боломжтой. Энэхүү паспортыг ашигласнаар зорчигч 30-60 минутыг хил гааль, шалган нэвтрүүлэх дээр хэмнэх давуу талтай.
E-Mongolia системээс цахим гадаад паспорт дахин захиалах заавар:
- Иргэн та E-Mongolia вэб рүү өөрийн бүртгэлээрээ нэвтрэх;
- Үйлчилгээнүүд хайлтын хэсэгт / Цахим гадаад паспорт дахин захиалах / сонгох;
- Хавсаргах баримт бичиг болон тайлбар хэсгийн мэдээллүүдээ оруулах /Санамж хэсэгт байрлах мэдээллийг бүрэн уншиж, шаардлага хангасан зураг байршуулах/;
- Төлбөрийн мэдээллийн задаргааг уншиж танилцан төлбөрөө төлснөөр захиалга баталгаажна.
Таны захиалсан гадаад паспорт нийслэлд ажлын 5 хоногт, орон нутагт ажлын 15 хоногт багтан гарна.
Ямар тохиолдолд гадаад паспортыг шинээр авах вэ?
- Ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн
- Паспортын хугацаа дууссан
- Паспортын хуудас дууссан
- Иргэний мэдээлэл гаднах төрхөд өөрчлөлт орсон
Анхааруулга: Иргэн анх удаа гадаад паспорт захиалах гэж байгаа бол өөрийн биеэр харьяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээ дээр очиж захиалах боломжтой.
Мөн сануулахад, одоогийн ашиглаж байгаа энгийн гадаад паспортын хугацаа дуустал хүчинтэй бөгөөд цаашид энгийн болон цахим гадаад паспортыг өөрийн сонголтоор захиалан авах боломжтой.
