E-Mongolia Academy

E-Mongolia системээр 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан (2025.07.30) болж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.

Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна. Иргэд, олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс орон даяар эхэллээ. Саналыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia, 11-11 төв болон яамдын цахим хуудсаар авч байна. Мөн олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар энэ сарын 4-нөөс 14-нд салбар бүрээр зохион байгуулна.

E-Mongolia системээр 2026 оны улсын төсвийн төсөлд хэрхэн саналаа өгөх вэ?

Иргэн та E-Mongolia систем рүүгээ орох үед “2026 оны төсвийн төсөлд саналаа өгнө үү” гэж гарч ирэх бөгөөд үргэлжлүүлэх товчин дээр дарснаар санал асуулгын цонх гарч ирнэ. Мөн саналаа дахиж өгөхийг хүсвэл баруун доод буланд байрлах профайл хэсэг рүү орон, санал асуулга гэсэн хэсэг дээр дарж дахин өгөх боломжтой болно.

Уг санал, асуулга нь нийт зургаан асуултаас бүрдэх ба нэг асуулт дээр хамгийн ихдээ 3 сонголт хийнэ. Хэрэв санал өгөхийг хүссэн салбар нь байхгүй байгаа тохиолдолд бусад гэсэн талбар дээр тухайн салбарынхаа нэрийг бичиж оруулах ба талбар гэсэн цонхон дээр өөрийн сонгосон салбарынхаа талаарх нэмэлт тайлбар, санал хүсэлтээ нээлттэй бичих боломжтой.

Харин хэлэлцүүлэгт оролцох бол цахимаар болон биечлэн ирж бүртгүүлнэ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын хоёр дахь үе шат ийнхүү эхэлж байгаа бөгөөд эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, 2026 оны төсвийн төсөлд тусгах юм.

Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэх тул идэвхтэй оролцоорой.    

Цахимаар шийдэж Цагаа хэмнэе

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.