“И-Монгол академи” УТҮГ 2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хялбар байдлыг бий болгох, цахим ур чадварыг эзэмшүүлэх, иргэдийн хувьд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдөр /2025.03.27/ “И-Монгол академи” УТҮГ, Шүүх шинжилгээний ерөнхий газрын удирдлага, албан хаагчид цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын (ГХХАГ) дарга Г.Өнөрцэцэг, Сургалтын хэлтсийн (СХ) дарга В.Лут-Очир, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Шүүх шинжилгээний ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр, Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газрын дарга, цагдаагийн хурандаа У.Болдбаатар, Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Азжаргал, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Баяраа болон холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо.
Энэхүү уулзалтаар төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд Шүүх шинжилгээний ерөнхий газраас олгодог үйлчилгээг нэвтрүүлэх, алба хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор сургалт, олон улсын хөтөлбөрт хамруулах, цаашид хоёр тал цахим шилжилттэй холбоотой шинэ боломжуудыг нээж, судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар боллоо.
