Олон улсын Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн 12 дахь удаагийн симпозиумд (ISCSET) “Олон улсад хэрэгжүүлж буй бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээ” сэдвээр 2023 оны 07 дугаар сарын 05-07-ны хооронд холимог хэлбэрээр зохион байгуулагдсан олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэв.
Тус илтгэлийг “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир, мэргэжилтэн А.Золзаяа, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Өгөгдлийн боловсруулалт, систем хөгжүүлэлтийн секторын эрхлэгч Б.Буяндэлгэр, эрдэм шинжилгээний ажилтан Б.Нямсүрэн нар хамтран бэлтгэсэн байна.
Олон улсын Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн симпозиум (ISCSET) нь 2011 онд хоёр их сургуулийн зуны сургуулиар эхэлсэн бөгөөд жилээс жилд өрөгжин тэлж, 2014 онд Монгол, Герман, Орос, Хятад улсын их дээд сургуулиудын хооронд хамтын ажиллагаа бий болжээ. Үүний дараагаар зуны сургуулийг симпозиумын түвшинд хүртэл сунгасан.
ISCSET нь шинжлэх ухаан, компьютерын инженерчлэл, боловсролын технологи гэсэн гурван үндсэн чиглэлийг хамардаг. Технологийн хөгжлийг дэмжихийн тулд маш сайн инженер, эрдэмтэд хэрэгтэй. Иймд дээд боловсрол тэр дундаа инженерийн боловсрол сургалтын үйл ажиллагаанд орчин үеийн арга, технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үздэг байна. Тиймээс цаашид хэрэгжих төсөл хөтөлбөр, ирээдүйн чиг хандлагаа дээр дурдсан асуудлууд руу чиглүүлэхийг зорьж байгаа аж.
Дашрамд дурдахад тус олон улсын хурлыг ирэх жил IEEE хурал болгон зохион байгуулах эрхээ авчээ. Олон улсын Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн симпозиумын (ISCSET) талаарх мэдээллийг энд дарж авах боломжтой.