Их, дээд сургуулиудын оюутнуудад мэдээллийн аюулгүй байдлын сургалт зохион байгууллаа

“И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албанаас 10 дугаар сард оюутнуудын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Сургалтад төрийн өмчит их, дээд сургуулиудын 1400-аад оюутныг хамруулсан юм. Үүнд,

  • Монгол Улсын их сургууль-51;
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль-47;
  • Анагаахын шинжлэх ухааны их сургууль-84;
  • Хөдөө аж ахуйн их сургууль-116;
  • Монгол улсын боловсролын их сургууль-155;
  • Дотоод хэргийн их сургууль-600;
  • Үндэсний Батлан Хамгаалахын их сургууль-339 оюутан тус тус хамрагдав.

Сургалтын агуулгад мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий ойлголт, халдлагын төрлүүд, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга, зөвлөмж зэргийг багтаасан. Эдгээр агуулга нь оюутан залуусын эрэлтэд нийцсэн чухал мэдээллүүдийг өгсөн төдийгүй өдөр тутмын амьдралд нь хэрэг болохуйц ач холбогдол өндөртэй байсныг сургалтад хамрагдсан оюутнууд хэлж байна. 

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Ашиглалтын технологийн тэнхимийн нэгдүгээр курсийн оюутан О.Инжин: Өмнө нь ийм төрлийн сургалтад сууж байгаагүй. Их зөв сургалт боллоо. Хүн бүр цахим ертөнцөөс хамааралтай болсон одоо цаг үед бүхий л мэдээлэл маш нээлттэй болсоор байна. Тиймээс цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар сургалт орж байгаад баяртай байна. E-Mongolia-г төрийн үйлчилгээг цахимжуулсан л гэж боддог байснаас цахим ур чадварын сургалт зохион байгуулдаг, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг гэж бодоогүй. Маш их баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. 

ДХИС-ийн Шинжлэн магадлагаа институтын 931-р сургуулийн сонсогч Г.Үндэснийбаатар: Тоон гарын үсэг, мэдээллийн аюулгүй байдал гэж ярьдаг байсан ч үндсэн ойлголтыг авч байгаагүй. Өнөөдрийн бидэнд мэдээллийн аюулгүй байдлын талаар тайлбарлаж, тоон гарын үсэг, цахим гарын үсгийн ялгааг тусгаж өгсөн нь сургалтын гол онцлог байлаа. 

Цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг авах хүсэлтэй их, дээд сургуулиудад нээлттэй бөгөөд “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албаны 77111197 утсаар болон digitalskill@ema.gov.mn хаягаар холбогдох боломжтой.

Анхаарал хандуулсанд баярлалаа!