E-Mongolia Academy

E-MONGOLIA СИСТЕМД “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ЦЭС НЭМЭГДЛЭЭ 

Парламентын засаглалтай, парламентат ёсыг төлөвшүүлж байгаа улс орнуудын хувьд жил бүрийн бүрийн зургаадугаар сарын 30-ны өдөр чухал тэмдэглэлт өдөр байдаг. Одоогоос 137 жилийн өмнө буюу 1889 онд Олон улсын парламентын холбоо үүсгэн байгуулсан энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 онд “Олон улсын парламентын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ жилийн хувьд Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриан дор дэлхий дахинаа тэмдэглэж байгаа бөгөөд парламентын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй засаглалыг бэхжүүлэх асуудалд онцгойлон анхаарч байна. 

Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр /2026.06.30/ Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон “И-Монгол академи” УТҮГ хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд “Нээлттэй парламент” шинэ цэсийг нэвтрүүлж, иргэдийн хэрэглээнд албан ёсоор орууллаа. 

Шинээр нэмэгдсэн “Нээлттэй парламент” цэс нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгохын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал бодлыг бодлого боловсруулах түвшинд хүргэх зорилготой юм. 

Тус цэсээр дамжуулан иргэд дараах боломжуудыг нэг дороос авах боломжтой болж байна. Үүнд: 

  • Хууль тогтоомжийн төсөлд санал өгөх – d.parliament.mn системтэй холбогдон боловсруулагдаж буй хууль, тогтоомжийн төсөлд өөрийн саналыг цахимаар хүргэх; 
  • Нийтийн өргөдөл санаачлах, дэмжих – petition.parliament.mn системээр дамжуулан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар өргөдөл санаачлах, бусдын санаачилсан өргөдлийг дэмжих; 
  • УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээлэлтэй танилцах – Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн оролцоо, ирцийн мэдээллийг нээлттэй харах; 
  • “УИХ таныг сонсож байна” үйлчилгээгээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлт, үнэлгээгээ Улсын Их Хуралд шууд хүргэх боломжтой болсон байна. 

Ийнхүү парламентын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн хамгийн их ашигладаг цахим үйлчилгээнүүдийг E-Mongolia системд нэгтгэн нэвтрүүлснээр төрийн үйлчилгээ илүү төвлөрсөн, хүртээмжтэй, хэрэглэгчдэд хялбар болж байгаа юм. Мөн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох иргэдийн боломжийг өргөжүүлж, төр, иргэний хоорондын цахим харилцааг илүү үр ашигтай, шуурхай болгох нөхцөл бүрдэж байна. 

“Нээлттэй парламент” цэс нь парламентын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоонд тулгуурласан байдлаар хөгжүүлэхэд чиглэсэн томоохон алхам болж байгаагаараа онцлог юм. Иргэд зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, хууль тогтоох үйл явцад саналаа илэрхийлэх, нийтийн асуудлаар санаачилга гаргах, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг бодит оролцоог хэрэгжүүлэх боломжтой болж байна. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197