НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 17,262 ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ АМЖИЛТТАЙ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
Цахим технологи хурдацтай хөгжиж, төрийн үйлчилгээ улам бүр хүртээмжтэй болж буй өнөө үед иргэд төрийн үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр, цаг хугацаа хэмнэн цахимаар авах боломж бүрдээд байна. Гэвч энэхүү дэвшилтэт өөрчлөлт нь иргэдийн цахим ур чадвар, мэдлэгтэй шууд хамааралтай тул бүх нийтийн цахим боловсролыг дээшлүүлэх нь нийгмийн хөгжлийн чухал асуудлын нэг болоод байна.
Энэхүү хэрэгцээ, шаардлагыг бодитоор хангах зорилгоор “И-Монгол академи” УТҮГ нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг улс орон даяар тасралтгүй, тогтвортой зохион байгуулж ирлээ.
2022 оноос хойш өнөөдрийг хүртэл 86,699 гаруй иргэдэд 1196 удаагийн давтамжтайгаар 2519 цагийн танхим болон цахим хэлбэрээр сургалт зохион байгуулаад байна.
Тухайлбал:
• 58,536 төрийн албан хаагч
• 26,609 иргэн
• 687 хөгжлийн бэрхшээлтэй иргэн
• 867 сургагч багш хамрагджээ.
2025 онд бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих зорилгоор төрийн болон боловсролын байгууллага, иргэний нийгэм, олон улсын түншүүдийг нэгтгэн 366 байгууллагатай хамтран ажиллалаа. Энэ хугацаанд 205 удаагийн танхим, цахим сургалтаар 12,254 төрийн албан хаагч, мөн 63 удаагийн сургалтаар 5,008 иргэний цахим мэдлэг, ойлголтыг дээшлүүлээд байна.
Сургалтын хүрээнд дараах үндсэн сэдвүүдээр мэдлэг, чадварыг олгож, практик заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.
- Цахим засаглал,
- Цахим хөгжлийн багц хууль,
- Мэдээллийн аюулгүй байдал,
- Хиймэл оюун,
- Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP-EMONGOLIA,
- Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас,
- Цахим орчин дахь хүүхэд хамгаалал,
- Мэдээллийн хүртээмж,
- E-Mongolia ашиглалт ба хэрэглээ,
- Мэргэжил сонголт ба цахим ур чадвар,
- Ухаалаг утасны хэрэглээ,
- Албан бичиг солилцооны дундын \docx\ систем,
- Тоон гарын үсэг, хэрэглээ
Мөн тоон тэгш бус байдлыг бууруулах, бүх нийтийн цахим ур чадварыг жигд түвшинд хүргэх зорилгоор E-Mongolia платформ “ЦАХИМ СУРГАЛТ” цэстэй болсон бөгөөд цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Мөн surgalt.gov.mn-д тус сургалтууд байршсан байна.
Цахим ур чадвараа дээшлүүлэх сургалт, хөтөлбөр, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7711-1197 дугаарын 3-р шугам, 11-11 дугаарын 2-р шугамаар хандан мэдээлэл авах боломжтой.

2025 ОНЫ ТОП 10 ҮЙЛЧИЛГЭЭ
Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 2020 онд Засгийн газраас санаачилж, 2020 оны аравдугаар сарын 1-нд 23 байгууллагын ердөө 181 үйлчилгээг багтаасан жижигхэн платформоос эхэлж байсан бол өдгөө Монгол Улсын хамгийн том төрийн үйлчилгээний систем болон өргөжжээ.
Одоогийн байдлаар тус платформ нь 88 байгууллагын 1268 төрлийн үйлчилгээг нэгтгэн хүргэж, 2.09 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон бөгөөд энэ нь насанд хүрсэн хүн амын 90 хувийг хамарч байна. Нэвтрүүлснээс хойш таван жилийн хугацаанд нийт 92 сая үйлчилгээг цахимаар хүргэж, 1.8 их наяд төгрөгийн зардлыг хэмнэсэн нь цахим шилжилтийн бодит үр өгөөжийг харуулж байна.
2025 онд E-Mongolia системээр дамжуулан иргэдийн хамгийн их авдаг топ 10 үйлчилгээний тоон мэдээллээс:
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 20,184,567
- Иргэний үнэмлэхийн лавлагаа 9,023,323
- Иргэний оршин суугаa газрын хаягийн бүртгэлийн лавлагаа 5,836,154
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл 4,553,918
- Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл 4,223,798
- Шинжилгээний хариу авах 3,620,555
- Вакцины гэрчилгээ 3,168,071
- Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах 3,071,241
- Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа 1,967,813
- Зээлийн мэдээллийн лавлагаа (Зээлийн мэдээлэл Бүрэн скор) 1,843,571
Бидэнтэй хамт байж цахим хөгжилд түүчээлсэн иргэд та бүхэндээ угтан ирж буй шинэ оны мэнд хүргэе!

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 1787 ИРГЭНИЙ ГОМДОЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэст нийт 3789 дуудлага ирснээс 1787 дуудлагыг амжилттай авч, 97%-ийн гүйцэтгэлтэй хариулсан байна.
Нийт албан ёсны цахим сувгуудаар 2216 иргэдийн асуудлыг шийдвэрлэж заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

