Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia системээр өнөөдрөөс /2025.08.12/ хүлээн авч эхэллээ.
2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулж байна.
Энэ жил 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 78,189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах юм.
Элсэлтийн бүртгэлийг хийлгэхийн өмнө хүсэлт гаргах гэж буй тухайн хүүхдийн хувьд элсэлтийн бүртгэлийн төлөв нь дараах 7 төрөлтэй байна. Үүнд:
Төлөв 1: “Хамран сургах тойрог тодорхойгүй” – /Шилжилт хөдөлгөөн хийсний улмаас хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй байна. Та маргааш өдрийн 13:00 цагаас хойш дахин шалгана уу./
Төлөв 2: “Хянагдаж байгаа” – /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна./
Төлөв 3: “Түр түдгэлзүүлсэн” – /Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчийн бүртгэлийг түр түдгэлзүүлсэн байна.
Төлөв 4: “Бүртгэхээс татгалзсан” – /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэхээс татгалзсан байна. Тайлбар: Тухайн хаяг дээр оршин суудаггүй тул элсэлтийн бүртгэл хийхээс татгалзав./
Төлөв 5: “Бүртгүүлэх боломжтой” – /Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчээр бүртгэсэн байна. Та элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой./
Энэ төлөвтэй хүүхдийн хувьд элсэлтийн бүртгэлийг “Баталгаажуулах” болон “Татгалзах” товч идэвхтэй байх бөгөөд бүртгэлийг баталгаажуулах эсэх сонголтоо хийх боломжтой байна.
“Баталгаажуулах” товч дарахад “Элсэлтийн бүртгэлээ баталгаажуулахдаа итгэлтэй байна уу?” мэдээллийг харуулаад “Тийм” эсвэл “Үгүй” товчнууд бүхий анхааруулах цонх гарна.
“Тийм” сонголт хийсэн бол “Таны элсэлт баталгаажуулах хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл харуулаад “Ойлголоо” товч дарснаар хүсэлтийг илгээнэ. Энэ үед элсэлтийн төлөвийг “Элсэлт батлагдсан” төлөвт шилжүүлнэ.
“Үгүй” сонголт хийсэн бол “Элсэлтийн бүртгэлийн мэдээлэл”-ийн хэсэгт шилжинэ.
“Татгалзах” товч дарахад “Элсэлтийн бүртгэлээс татгалзахдаа итгэлтэй байна уу?” мэдээллийг харуулаад “Тийм” эсвэл “Үгүй” товчнууд бүхий анхааруулах цонх гарна. “Тийм” сонголт хийсэн бол “Таны элсэлтээс татгалзах хүсэлтийн хүлээн авлаа” гэсэн мэдээлэл харуулаад “Ойлголоо” товч дарснаар хүсэлтийг илгээнэ. Энэ үед элсэлтийн төлөвийг “Элсэлтээс татгалзсан” төлөвт шилжүүлнэ.
Үгүй сонголт хийсэн бол “Элсэлтийн бүртгэлийн мэдээлэл”-ийн хэсэгт шилжинэ.
Төлөв 6: “Элсэлтээс татгалзсан” – /Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр элсэлтийн бүртгэлээс татгалзсан байна./
Зөвхөн энэ төлөвтэй хүүхдийн хувьд элсэлтийн бүртгэлийг “Баталгаажуулах” товч идэвхтэй, “Татгалзах” товч идэвхгүй байх бөгөөд бүртгэлийг баталгаажуулах боломжтой байна
“Баталгаажуулах” товч дарахад “Элсэлтийн бүртгэлээ баталгаажуулахдаа итгэлтэй байна уу?” мэдээллийг харуулаад “Тийм” эсвэл “Үгүй” товчнууд бүхий анхааруулах цонх гарна.
“Тийм” сонголт хийсэн бол “Таны элсэлт баталгаажуулах хүсэлтийг хүлээн авлаа” гэсэн мэдээлэл харуулаад “Ойлголоо” товч дарснаар хүсэлтийг илгээнэ. Энэ үед элсэлтийн төлөвийг “Элсэлт батлагдсан” төлөвт шилжүүлнэ.
Төлөв 7: “Элсэлт батлагдсан”-/Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл батлагдсан./ төлөв харуулна.
Хэрэв эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой.
Жич: Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх, хэрэв шилжилт хөдөлгөөн хийсэн бол наймдугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.