E-Mongolia Academy

“И-Монгол академи” УТҮГ, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд хамтран ажиллана

Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд өнөөдрийн байдлаар 88 байгууллагын 1264 төрлийн үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд тус үйлчилгээнүүдийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, олон талт сувгаар хүргэх, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулсаар байна.

Дээрх чиглэлийн хүрээнд “И-Монгол академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар нь Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран ажиллаж стратегийн түншлэлийг эхлүүлэн, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэн нэмэгдүүлэх, E-Mongolia системд цахимжсан үйлчилгээг дахин загварчлах, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, байгууллагын дотоод нөөц чадавхад тулгуурлан хөгжлийн шинэ боломжуудыг бүрдүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүллээ.

Ялангуяа сүүлийн үед хүүхдийн өвчлөл тэр тусмаа улаан бурхан өвчний халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор 16 хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтын мэдээлэл харах, эх хүүхдийн дэвтэр, Хүүхдийн Стрептоккоккийн халдварын эрт илрүүлэг, шинжилгээний хариу харах гэх мэт цахим үйлчилгээнүүдийг иргэд олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх, таниулах, цахим эрүүл мэндийн үйлчилгээний ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Цаашид зөвхөн мэдээллийн хүртээмж бус, байгууллагын дотоод чадавхыг бэхжүүлэх, олон улсын туршлагыг судлах, цахим шилжилтэд тулгарч буй хүндрэлүүдийг хамтдаа шийдвэрлэх чиглэлээр үргэлжлэх юм. Монгол Улсын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын уялдаа холбоо, стратегийн хамтын ажиллагаа нь иргэдэд чиглэсэн бодит өөрчлөлт, үр нөлөөг бий болгож, цахим эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийг хурдасгах чухал үр дүнтэй ажлын томоохон хэсэг болж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.