“И-Монгол академи” УТҮГ-ын баг Төв аймгийн Сэргэлэн суманд 09 дүгээр сарын 04-ний өдөр ажиллалаа. Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний газрын дарга Э.Хаш-Эрдэнээр ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг E-Mongolia 3.0 хувилбарыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах цогц үйл ажиллагааг зохион байгуулав.
Тус ажлын хүрээнд Салбар дундын зохицуулалтын газрын шинжээч Б.Энх-Амар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчдад Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийг (https://erp.e-mongolia.mn/ ) ашиглах мэргэжил арга зүйн зөвлөгөө бүхий цогц сургалтыг орсон.
Мөн сумын иргэд, төрийн албан хаагчдад Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн (https://www.e-mongolia.mn) 3.0 шинэчилсэн хувилбар болон E-Business платформын танилцуулгыг Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Чингүн бэлтгэн хүргэсэн юм. Энэ үеэр тус хэлтсийн оператор Б.Ариунболд E-Mongolia системийн ашиглалт, лавлагаа үйлчилгээний талаар газар дээр нь заавар зөвлөгөө өгч ажиллав.
Цахим ур чадварын газрын сургагч багш О.Билгүүн мэдээллийн аюулгүй байдал, цахим халдлага, залилангаас урьдчилан сэргийлэх зэрэг цахим ур чадварын тухай ойлголт мэдлэг өгөх сургалт, зөвлөмжийг сумын иргэдэд өглөө.
Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2021 оны 283 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулав.