2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжсэн. 2024-2025 оны хичээлийн энэ жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас 2 настай 30894 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан өнөөдрөөс эхлэн /2024.08.01/ хүлээн авч эхэллээ.
Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 01-ний өдрөөс 18-ний өдрүүдэд хүлээн авах бөгөөд хүсэлтийг зөвхөн цахимаар гаргах боломжтой.
Цахимаар бүртгүүлэхдээ:
- E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
- Онцлох үйлчилгээн дээр “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн хэсэг гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
- Өмнө жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаар, дүүргийг хамт сонгоно.
- Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
- Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
- Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
- Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ илгээх боломжтой болно.
- Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
- Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ” гэсэн тохиолдолд “ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.
Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх;
- Хаяг дээрээ түр оршин суугаа иргэн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх;
- Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах;
- Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.