E-Mongolia Academy

7 хоногийн тойм

ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ,ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЭ E-MONGOLIA-ААР ИЛГЭЭГЭЭРЭЙ 

Галт зэвсэг нь бусдын амь нас, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй онцгой хэрэгсэл тул түүний эзэмшил, ашиглалт, хадгалалтыг Монгол Улсын хууль тогтоомжоор нарийн зохицуулдаг. Хуулийн дагуу 21 нас хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, гэмт хэрэг үйлдэж байгаагүй иргэн иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмшиж, ашиглаж, хадгалах эрхтэй.  

Өмнө нь уг сургалтад хамрагдахын тулд иргэд биечлэн очиж хүсэлт гаргах, олон төрлийн баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай байсан бол “И-Монгол академи” УТҮГ, Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй төвтэй хамтран уг үйлчилгээг бүрэн цахимжуулж, E-Mongolia системээр хүсэлт илгээх боломжийг бүрдүүллээ. 

Сургалтад хамрагдах хүсэлтээ хэрхэн илгээх вэ? 

  • Та E-Mоngolia системд бүртгэлээрээ нэвтрэн орно. 
 
  • Үйлчилгээ хайх хэсэгт “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах,хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдах хүсэлт” үйлчилгээг сонгоно. 
  • Хүсэлт гаргагчийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажил, эзэмших зориулалт болон төрөл зэргээс сонгох бөгөөд үүнээс хамаарч доорх материалыг хавсаргах шаардлагатай. Хавсаргах баримт бичиг сонголтоос хамаарна. Үүнд: 

 
1.Сургалтад хамрагдах иргэн  
   – Эрүүл мэндийн хуудас; 
2.Буудлагын спортын холбооны гишүүн  
   – Эрүүл мэндийн хуудас; 
   – Буудлага  спортын  холбооны  тодорхойлолт, албан бичиг, гишүүнчлэлийн үнэмлэх; 

   – Буудлага  спортын холбооны  улсын  бүртгэлд  бүртгүүлсэн  гэрчилгээний  /нотариатаар батлуулсан хуулбар/;  
3.Цэрэг, цагдаагийн сургууль төгссөн  

   – Эрүүл мэндийн хуудас болон цэрэг, цагдаагийн сургууль /галын бэлтгэлд хамрагдсан/ төгсөж, олгосон баримт бичиг түүний хавсралт нотариатаар батлуулсан хуулбар;    
4. Зэвсэгт  хүчин,  хил  хамгаалах,  цагдаа,  тагнуул,  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай алба   

   – Эрүүл мэндийн хуудас болон зэвсэгт  хүчин,  хил  хамгаалах,  цагдаа,  тагнуул,  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албадын үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид олгосон албан байгууллагын тодорхойлолт;  

   – Цэрэг, цагдаагийн сургууль /галын бэлтгэлд хамрагдсан/ төгсөж, олгосон баримт бичиг түүний хавсралт нотариатаар батлуулсан хуулбар;  

   – Ажлын үнэмлэх хавсаргах; 

5.Гэрээт, харуул хамгаалалтын алба  

   – Эрүүл мэндийн хуудас  

   – Сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээ (давтан сургалтын нотломжийн хамт, нотариатаар батлуулсан) 

Анхаарах нь: Хавсаргах материалууд сонголтоос шалтгаалан ялгаатай боловч системээс үүсгэх лавлагаанууд адил байна. 

Хүсэлт амжилттай илгээгдсэний дараа холбогдох албан хаагч материалуудтай танилцан төлбөрийн нэхэмжлэх үүсгэнэ. Иймд сургалтад хамрагдах газрын хаягийг үнэн зөв бөглөх шаардлагатай.  

Төлбөрөө E-Mongolia-ийн Цахим хэтэвч цэсээр төлөх боломжтой бөгөөд төлбөр төлөгдсөний дараах сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг профайл хэсэгт байрлах үйлчилгээний түүх хэсгээс харах боломжтой. 

Мөн сургалтад амжилттай хамрагдсан иргэн, албан хаагчид сургалтын тодорхойлолтоо цахимаар авах боломжтой юм. 

E-MONGOLIA СИСТЕМЭЭС “ЦАГ АГААРЫН ТОДОРХОЙЛОЛТ (ДУНДГОВЬ АЙМАГ)” АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 

“И-Монгол академи” УТҮГ, Дундговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран “Цаг агаарын тодорхойлолт (Дундговь аймаг)” үйлчилгээг цахимжууллаа.  

Цаг агаарын гамшгийн улмаас эд хөрөнгө, өмчөөрөө хохирсон иргэн, хуулийн этгээд даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авахын тулд тухайн байршилд тодорхой хугацаанд цаг агаарын гамшиг тохиолдсоныг баталгаажуулсан цаг агаарын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Энэхүү тодорхойлолт нь Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас албан ёсоор олгодог баримт бичиг юм. 

Уг үйлчилгээ нь улсын хэмжээнд байрлах 138 цаг уурын өртөө, 180 харуулын ажиглалтын мэдээлэлд тулгуурлан дараах тоон мэдээлэл, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг олгож байна. Үүнд агаар болон хөрсний температур, агаарын даралт, чийгшил, хур тунадас, салхи, цаг агаарын үзэгдлийн мэдээлэл багтана. 

Иргэд E-Mongolia системээр, хуулийн этгээд E-Business системээр дамжуулан тус үйлчилгээг авах боломжтой. 

Үйлчилгээг хэрхэн авах вэ? 

  • E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтэрч орно 
  • Үйлчилгээ хайх хэсэгт “Дундговь аймаг Цаг агаарын тодорхойлолт” гэж хайлт хийн үйлчилгээг сонгоно 
  • Гарч ирэх талбаруудыг бүрэн гүйцэт бөглөсний дараа хүсэлтээ илгээн үйлчилгээгээ авна. 

Тус үйлчилгээний тодорхойлолт нь ажлын 3 хоногийн дотор боловсруулагдах бөгөөд зөвхөн веб порталаар авах боломжтой. 

ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: E-BUSINESS СИСТЕМД “ТАМГА, ТЭМДГИЙН ХЯНАЛТЫН ДУГААР АВАХ” ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМЖЛАА 

Монгол Улсад шинээр хуулийн этгээд байгуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг хамгийн эхний бодит хүндрэлүүдийн нэг бол тамга, тэмдгийн хяналтын дугаар авах үйл явц байсан. Өмнө нь энэхүү хяналтын дугаарыг авахын тулд олон төрлийн баримт бичиг бүрдүүлж, төрийн байгууллагад биечлэн очих, дахин дахин засвар өөрчлөлт хийлгэх зэрэг цаг хугацаа, зардал ихтэй шат дамжлага шаардлагатай байсан. 

Тэгвэл “И-Монгол академи” УТҮГ Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран “Тамга, тэмдгийн хяналтын дугаар авах” үйлчилгээг E-Business системд амжилттай нэвтрүүллээ. Ингэснээр шинээр компани байгуулсан иргэд уг үйлчилгээг цахимаар, илүү хурдан, хүртээмжтэй авах боломж бүрдэж байна. 

Тамга, тэмдгийн хяналтын дугаар нь хуулийн этгээдийн албан ёсны тамга хүчинтэй эсэх, давхардаагүй эсэх, хууль ёсны бүртгэлтэй эсэхийг баталгаажуулдаг үндсэн шалгуур юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хяналтын дугааргүйгээр гэрээ хэлцэл байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн зарим үйлчилгээ авах боломж хязгаарлагддаг. 

Иймд уг үйлчилгээг цахимжуулснаар гарааны бизнес, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бизнес эхлүүлэх эхний шатны хүндрэлийг бууруулж байгаа юм.  

Тамга тэмдгийн хяналтын дугаар хэрхэн авах вэ? 

  • Та E-Business системд тамга, тэмдэг авах хүсэлтэй компанийнхаа эрхээр нэвтэрч, “Улсын бүртгэл” цэсийн “Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох” үйлчилгээг сонгон гарч ирсэн “Үйлчилгээ авах” товчийг дарна.  
  • Үүний дараа холбоо барих мэдээллээ оруулж, тамганы компанийн байршил, хаягийн мэдээллийг харгалзан сонголтоо хийж илгээснээр таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.  
  • Та өөрийн сонгосон тамганы компанитай холбогдож тамга, тэмдгээ гаргуулан авна.  

Анхаарах зүйлс: Хэрэв таны хүсэлт өмнө нь “Зөвшөөрсөн” төлөвт орсон бол тухайн үйлчилгээг дахин авах боломжгүй бөгөөд хүсэлт “Илгээсэн” эсвэл “Боловсруулж байгаа” төлөвт байх хугацаанд л цуцалж, дахин илгээх боломжтой юм. Мөн хуулийн этгээдийн нэр баталгаажиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд тамга, тэмдгийн хяналтын дугаар автоматаар үүсэх бөгөөд нэг компанид нэг л удаа хүсэлт илгээх боломжтой. Хэрэв буруу компани сонгосон эсвэл өөр шалтгаанаар тамга авах хүсэлтээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн хүсэлтийг цуцлах боломжтой. 

Тус үйлчилгээг цахимжуулснаар  төрийн байгууллагын ачаалал буурч, иргэдийн биечлэн очих шаардлага багасаж, үйлчилгээний хугацаа богиносож, мэдээллийн давхардал, алдаа гарах эрсдэл буурч байна. 

“И-МОНГОЛ AКАДЕМИ” УТҮГ-ЫН СУРГАЛТ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗРЫН СУРГАЛТЫН ХЭЛТЭС НЬ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ

  • Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ
    • Сэлэнгэ аймаг Мандал сум Цант-Орхон ОНӨААТҮГ
    • Хот, суурины ус, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо
    • Хөвсгөл аймаг Мөрөн сумын ИТХ
    • Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төв
    • Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
    • Барилга, цэргийн инженерийн удирдах газар 
    • Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт судалгааны хүрээлэн
    • Баянзүрх дүүргийн Насан туршийн суралцахуйн төв
    • Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ

байгууллагуудтай хамтран 10 удаагийн 20  цагийн нийт  183 /танхим-73 цахим-110/ төрийн албан хаагчдад Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP.E-Mongolia  ашиглалт,  Албан бичиг солилцооны дундын систем Docx, Хиймэл оюунаар контент бүтээх, Үндэсний судалгааны нэгдсэн платформ, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia, Цахим орчин дахь хүүхэд хамгаалал сэдвийн хүрээнд  сургалтуудыг зохион байгууллаа.   

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197