Монгол Улсад шинээр хуулийн этгээд байгуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг хамгийн эхний бодит хүндрэлүүдийн нэг бол тамга, тэмдгийн хяналтын дугаар авах үйл явц байсан. Өмнө нь энэхүү хяналтын дугаарыг авахын тулд олон төрлийн баримт бичиг бүрдүүлж, төрийн байгууллагад биечлэн очих, дахин дахин засвар өөрчлөлт хийлгэх зэрэг цаг хугацаа, зардал ихтэй шат дамжлага шаардлагатай байсан.
Тэгвэл “И-Монгол академи” УТҮГ Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран “Тамга, тэмдгийн хяналтын дугаар авах” үйлчилгээг E-Business системд амжилттай нэвтрүүллээ. Ингэснээр шинээр компани байгуулсан иргэд уг үйлчилгээг цахимаар, илүү хурдан, хүртээмжтэй авах боломж бүрдэж байна.
Тамга, тэмдгийн хяналтын дугаар нь хуулийн этгээдийн албан ёсны тамга хүчинтэй эсэх, давхардаагүй эсэх, хууль ёсны бүртгэлтэй эсэхийг баталгаажуулдаг үндсэн шалгуур юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хяналтын дугааргүйгээр гэрээ хэлцэл байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн зарим үйлчилгээ авах боломж хязгаарлагддаг.
Иймд уг үйлчилгээг цахимжуулснаар гарааны бизнес, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бизнес эхлүүлэх эхний шатны хүндрэлийг бууруулж байгаа юм.
Тамга тэмдгийн хяналтын дугаар хэрхэн авах вэ?
- Та E-Business системд тамга, тэмдэг авах хүсэлтэй компанийнхаа эрхээр нэвтэрч, “Улсын бүртгэл” цэсийн “Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох” үйлчилгээг сонгон гарч ирсэн “Үйлчилгээ авах” товчийг дарна.
- Үүний дараа холбоо барих мэдээллээ оруулж, тамганы компанийн байршил, хаягийн мэдээллийг харгалзан сонголтоо хийж илгээснээр таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.
- Та өөрийн сонгосон тамганы компанитай холбогдож тамга, тэмдгээ гаргуулан авна.
Анхаарах зүйлс: Хэрэв таны хүсэлт өмнө нь “Зөвшөөрсөн” төлөвт орсон бол тухайн үйлчилгээг дахин авах боломжгүй бөгөөд хүсэлт “Илгээсэн” эсвэл “Боловсруулж байгаа” төлөвт байх хугацаанд л цуцалж, дахин илгээх боломжтой юм. Мөн хуулийн этгээдийн нэр баталгаажиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд тамга, тэмдгийн хяналтын дугаар автоматаар үүсэх бөгөөд нэг компанид нэг л удаа хүсэлт илгээх боломжтой. Хэрэв буруу компани сонгосон эсвэл өөр шалтгаанаар тамга авах хүсэлтээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн хүсэлтийг цуцлах боломжтой.
Тус үйлчилгээг цахимжуулснаар төрийн байгууллагын ачаалал буурч, иргэдийн биечлэн очих шаардлага багасаж, үйлчилгээний хугацаа богиносож, мэдээллийн давхардал, алдаа гарах эрсдэл буурч байна.
ТАНД ЗОРИУЛАВ E-BUSINESS
