Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх аяны хүрээнд “Эмийн жорын мэдээлэл” үйлчилгээ шинээр нэвтэрлээ. Үйлчилгээг авахын тулд E-Mongolia платформд нэвтрэн орж “ЭРҮҮЛ МЭНД ЦЭС”-ийн “ЭМИЙН ЖОР” үйлчилгээг сонгон үйлчилгээ авах товчийг дарснаар дэлгэц дээр таны болон таны хүүхдийн мэдээлэл гарч ирэх ба эмийн жор харах гэж буй хүнээ сонгон цааш үргэлжлүүлнэ.
Тус үйлчилгээнээс эмийн жор олгосон огноо, эмнэлгийн нэр, жорын дугаар зэрэг мэдээллийг харах боломжтойгоороо онцлог юм. Тодруулбал идэвхтэй болон идэвхгүй жор гэсэн 2 сонголт гарч ирнэ .
- Идэвхтэй жор гэдэг нь хүчинтэй огноо дуусаагүй /7-14хоног/ буюу хараахан худалдаж аваагүй эмийн жагсаалтыг харуулах бөгөөд өвчний онош болон жор бичсэн эмчийн мэдээллийг агуулна.
- Идэвхгүй жор гэдэг нь хүчинтэй огноо дууссан буюу өмнө нь бичүүлж байсан жорын түүх харагдана.
Нэг жилийн хугацаанд эмийн архив хадгалагдах ба жор бичиж байгаа эмч системд шивж оруулахад жор бичигдэж. Бичигдсэн жорыг иргэн эмийн санд үзүүлэн эмээ авах юм. Үйлчилгээнд зөвхөн жороор бичигддэг эм хамаарах бөгөөд жороор олгодоггүй эмийг иргэд шууд авах юм.
Үүнээс гадна тухайн эмийн танилцуулга, хэрэглэх заавар болон гаж нөлөөг мэдээлэх боломжтой.