Тогтвортой хөгжил, эрх тэгш оролцоо, олон талт байдлыг дэмжих “Ability expo-2023” зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тулгамдсан асуудлыг технологийн аргаар хэрхэн шийдвэрлэх шийдлийг танилцуулах “Ability expo-2023” үйл ажиллагааг 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав. 

Тус үйл ажиллагаанд “И-Mонгол академи” УТҮГ-ын хамт олон тусгай хэрэгцээт иргэдийн тулгамдсан асуудлыг технологийн аргаар шийдвэрлэж буй үйлчилгээнүүдээ танилцуулж, цаашид ямар үйлчилгээ нэмж оруулах хэрэгцээ, шаардлага байгааг судалж, санал, хүсэлтийг нь хүлээн авч оролцлоо. 

E-Mongolia 3.0 хувилбарын хүрээнд олон улсын WCAG стандартын дагуу хөгжүүлэлт хийснээр харааны бэрхшээлтэй иргэд дэлгэц уншигч программ ашиглан   системийг саадгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актыг цахимжуулсан билээ.

“Бэрхшээл бүхэн боломж” уриан дор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааны үеэр   төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын эрх тэгш оролцоо, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлж буй байгууллагуудыг бодлогоор дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг олон чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн иргэн, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 60 гаруй хүн өөрсдийн хийж, бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, шинэ боломжуудыг эрэлхийлж оролцлоо. 

“Ability expo-2023” үйл ажиллагааг ХНХЯ, ЦХХХЯ, БШУЯ, Нийслэлийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон иргэний нийгмийн байгууллагууд хамтын ажиллагааныхаа хүрээнд зохион байнуулсан юм. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!