“Хувьсаж буй боловсрол-насан туршийн суралцахуй” сургалтад илтгэл танилцууллаа

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газраас “Хувьсаж буй боловсрол–Насан туршийн суралцахуй” сургалтыг 2023 оны 08 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулав. 

Тус сургалтад хамрагдсан аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн 130 багш, удирдах ажилтанд “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир “Дижитал иргэн, тоон бичиг үсгийн боловсрол” сэдвээр илтгэл тавилаа. 

Илтгэлд “Үндэсний Статистикийн хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран 2021 онд “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ” түүвэр судалгааг авсан. Нийт судалгаанд оролцогчдын 43.8 хувь нь мэдээллийн ур чадвартай буюу мэдээлэл хайж олох, үйлчилгээний байгууллагуудын веб сайтаас мэдээлэл авах, дижитал орчинд өгөгдөл, мэдээлэл, агуулгыг хуулбарлах, шилжүүлэх, хэрэгсэл ашиглах, файл хадгалах зэрэг чадваруудыг эзэмшсэн. Тиймээс тоон бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага гарч байна.” гэдгийг онцолж байсан юм. 

Мөн “Цахим Үндэстэн” баримтлах чиглэлд “Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэн, тоон хуваагдлыг бууруулж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн ололт амжилтад тулгуурлан нийгэм эдийн засгийн бүх салбарт инновац хийх чадвартай бүтээлч иргэдтэй болно” хэмээн зааснаар Цахим иргэдийг бэлтгэхэд насан туршийн боловсролын салбартай хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдлаа. 

“Хувьсаж буй боловсрол–Насан туршийн суралцахуй” сургалтын зорилго Бүх нийтийн болон тогтвортой хөгжлийн боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд насан туршийн боловсролын гүйцэтгэх үүрэг, оролцоог тоймлон дүгнэх, насан туршдаа суралцахуйн тогтолцоо, хөгжлийн асуудлыг хэлэлцэх, Насан туршдаа суралцахуйн талаарх бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхыг сайжруулахад оршиж байгаа аж. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!